Салхины хүч ширүүсэх тул галын аюулаас болгоомжлохыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа. Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг, өдөртөө цас орж салхи секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурах юм.
Иймд өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар ханган, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас дараах зөвлөгөөг хүргүүллээ.
- Гэр сууцаа эзгүй үлдээх тохиолдолд цахилгаан хэрэгслээ тэжээлээр нь салгах;
- Хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээсэн тохиолдолд цахилгаан хэрэгслээс хол байхыг, хуруугаа болон бусад зүйлийг цахилгааны залгуурт шургуулж болохгүйг, цаг агаарын байдал тогтворгүй үед гадаа тоглож болохгүйг, цахилгаан байгууламж руу ойртох, орохгүй байхыг тайлбарлаж, сануулах;
- Цахилгааны утсыг гэр, сууцныхаа яндан гэх мэт халах төхөөрөмжүүдээс хол байлгах;
- Гэр, сууцны тань залгууруудад шажигнасан чимээ гарах, оч хаях, халсан, хайлсан шинж тэмдэг илэрвэл яаралтай тэжээлээс салгах;
- Цахилгаан чадал ихээр хэрэглэдэг хэрэгслийг аль болох зэрэг залгахгүй, нэг залгуураас олон салаалахгүй байх;
- Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх;
- Ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй;
- Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утсаар болон харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах;
- Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнуудын анхаарлыг сарниулахгүй, саад болохгүй байхыг зөвлөж байна.
Онгой байдлын ерөнхий газарт өчигдөр найман гал түймрийн дуудлага бүртгэгдсэний долоо нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
- Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин, 5 ханатай гэр, иргэн О-гийн 6х9 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 09:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 14х4 метрийн хэмжээтэй гараашын дээвэр, 20 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 09:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 100 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд хогийн цэгт их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлагыг 03:25-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30, 14 дүгээр ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнууд ажиллаж унтраасан.
- Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
- Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагдыг очиход иргэн Ц-гийн 5 ханатай гэр, 25 метр урт хашаа, иргэн Д-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Б-гийн 3х6 метрийн хэмжээтэй гарааш, иргэн Б-гийн 6х7 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!