Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А.О-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай хамтран урьдчилан нэгдэж, тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн байна.
Тус саналыг хүлээн авч хянан хэлэлцэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байх тул яллагдагч А.О-д 2025 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
66 СЭТГЭГДЭЛТЭЙ
|