Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Ноорог" медиа агентлагийн багийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Цагдаагийн байгууллага улс төрийн зорилготой ажиллаж байна, чатны мөрөөр ажиллалаа гэдэг гэдэг шүүмжлэл олон нийтээс гарч байна?
-Хувь хүний нууцтай холбоотой учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоо шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаадугаар сар, 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиудаар шалгагдаж байсан. Энэ бол гэнэт болсон явдал биш.
Цагдаагийн байгууллагыг улс төрийн дохиураар ажиллаж байна гэж үзвэл үүний үзүүрт нь улс төрийн ямар ашиг байгааг тогтоох хэрэгтэй. Өчигдөр цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлэл өгсөн. Хэрэв цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээлэлд буруу ташаа зүйл байвал энэ нь өөрөө эрүүгийн хариуцлага тооцох гэмт хэрэг болдог.
Хойшлуулшгүй ажиллагаа бол тухайн нөхцөл байдалд ажиллагаа явуулж, үйл явдалтай холбоотой баримт цуглуулдаг ажил. Ийм ажиллагааг цагдаагийн байгууллага өдөрт хэдэн арваар нь хийдэг. Тухайн хэрэг дээр баривчилгаа явуулаагүй. Баривчлахын тулд цагдаа прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг. Цагдаагаас зөвшөөрөл хүссэн ч прокурор зөвшөөрөөгүй. Харин техник хэрэгсэлд үзлэг хийсэн, баримтжуулсан.
Би өмгөөлөгчдийн нь мэдээллийг харсан. Хэрэв өмгөөлөгчдийн ярианд дурдагдсан зарим үйл баримт үнэн бол энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Тиймээс өмгөөлөгч нарт нь гомдлоо гарга гэж хэлмээр байна.
-Ноорог-ын залуучуудын ярьснаар тэдний хийсэн бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэдэг мэдээллийг чатаар цагдаагийн байгууллага өгсөн. Үүний дагуу тэднийг шалгасан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энд ярьсан үг болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар дамжиж 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийгдсэн гэдэг мэдээлэл байгаа.
Мөн шалгагдаж байгаа хүмүүс дунд 2024 оны есдүгээр сараас эхлэн бусдыг амиа хорлоход хүргэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа хүн бий. Энэ зүйл ангиар шалгагдаж байна гэдэг чинь цаана нь амиа хорлосон хохирогч байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ зүгээр нэг худал мэдээлэл биш.
Одоо ингээд ярихаар зохиож байна гэх байх. 2024 оны есдүгээр сараас эхлээд энэ хэрэгт холбоотой хүмүүсийн тайлбар байна. Үүнийг зохиож болохгүй. Хүний амь насаа алдсан хэргийн баримт, өргөдөл гомдол байна.
Шалгагдаж байгаа хүмүүсийн дунд цахим покер, 1xbet тоглож байсан, агент хийж байсан хүн ч байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!