Уншиж байна ...

Ноорог: "18 хоног" баримтат киногоо гаргаж чадах эсэхээ мэдэхгүй байна

А.Ням-Өлзий, iKon.mn
1 цаг 5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг харуулсан "18 хоног" баримт киног бэлтгэж байсан noorog.mn сайтын багийг цагдаагийн байгууллагаас шалгаад буй. Тэднийг саатуулан мэдүүлэг авахаас гадна техник хэрэгслийг нь хурааж авсан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хураагдсан Ноорог-ын хард дискэнд "18 хоног" баримтат киноны материал байгаа аж. 

Цагдаагийн байгууллагаас "Ноорог цахим хуудасны хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, хэвлэн нийтэлж буй контенттой холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Тухайн этгээдүүдийг иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, иргэдийг мөрдөн мөшгөж, мэдээллийг нь цуглуулах, хувь хүний мэдээлэлд халдсаныг нь урьдчилсан байдлаар тогтоосон" гэдэг мэдээлэл өгөөд буй. 

Тэгвэл Ноорог-ын гүйцэтгэх захирал О.Уламсайхан хийж буй баримтат киноныхоо талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв. 

-"18 хоног" баримтат киног энэ оны зургаадугаар сард гаргах хэвээрээ юу?

-Яг үнэндээ чадах эсэхээ мэдэхгүй байна.

Баримтат киноны эвлүүлэг дуусаагүй. Нийт 14 TB дата дүрс бүгдээрээ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт байгаа. Бидний утас, хард дискийг цагдаа хурааж авсан. Өгөөгүй байна.

- Тохиролцъё, киногоо гаргахаа больчих ч гэдэг юм уу тиймэрхүү санал очиж байсан уу?

-Тийм санал ирээгүй. Бид киногоо нууцалж байгаад саяхан дэлгэсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа л ийм үйл явдал боллоо.

Ноорог-ын баг сонгуулийн үеэр ямар нэг нэр дэвшигч, улс төрчийг биш зургаан энгийн хүнийг 18 хоногийн турш дагаж ажилласан. Тэр хүмүүс санал өгөхдөө яаж байна, тэдгээр хүмүүст сонгуулийн сурталчилгаа яаж очиж байна, тэр хүмүүс ямар тархи угаалтад өртөж байна гэдгийг л бичсэн. Ийм дүрсүүдтэй контент байгаа.



Харин цагдаагийн байгууллагаас хурааж авсан баримтынхаа талаар дараах тайлбарыг өгөв. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Хууль бус үйл ажиллагаа явуулахдаа ашигласан байж болзошгүй цахим техник хэрэгслийг цагдаагийн байгууллагаас хурааж авсан. Хурааж авахдаа шалгагдаж байгаа этгээдүүдэд бүгдэд нь танилцуулсан. Тэмдэглэл үйлдэж, дүрс бичлэгээр баримтжуулж байгаа. Тэмдэглэл дээр юуг нь хурааж авсан талаар харуулаад гарын үсэг зуруулдаг. Өөрсдөө мэдэхгүй байх боломж байхгүй.  Хийж буй кинотой нь холбогдуулж шалгаагүй. Хийгдэж байсан уран бүтээл нь хурааж авсан зүйлсийн хаана нь байсныг мэдэхгүй. Өөрсдийг нь болон өмгөөлөгчдийг нь оролцуулж байгаад үзлэг хийнэ. Прокурорын зөвшөөрөл авах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ. Гар утсанд үзлэг хийх хуульд заасан бүх зүйл нь байгаа" гэв.