Индэр    
2025 оны 3 сарын 21
Зураг
Судлаач проф.

"Гавьяат"-ын нээнтэг (2)

Зураг

- “Гавьяат” (араас нь “Ардын”) өгөхгүй бол үхлээ гэдэгчүүдийн цуваа үл тасарна!

Ковидын өмнөх цаг үед шүү дээ. Тэр тухай л дурсаад байна. Мань хүнд (нөгөө шинэхэн гавьяат) очсон бэлэг ёстой утгаа алдлаа хэмээн өөрөө ярихыг нь би чихээрээ сонссон. Тэр том рестораны нэг өрөөг бэлэг цуглуулахад гаргаж бас өрөөний түрээс төлж, тэнд ойрын садангийн хүнээ байнга жижүүрлүүлнэ. Үр хүүхэд нь дэргэдээс нь хянана. Үнэлнэ. Овоороод байх нь тэр. Мань “гавьяат” маань өөрөө ангийн, загасны хоббитой тул тэр талын элдэв зураг хөрөг (зурмал, хатгамал, фотошопын, өөр юу юу ч юм) явж өгөв. Бэлгийн давхцал ч тоймоо алдлаа. Өрөө дүүрэн жаазтай элдэв зураг, чихмэл, хөөмөл, арьс ширэн дээр урласан элдэв дүрс, торго дурдангаар урласан зураг хөрөг, баримал, амьтны хөшөө. Дугтуйтай мөнгө өгсөн зочин байнаа. Даан ч тэр нь ресторанд зарцуулж буй тэр зардлын дэргэд мөнгө болохгүй, тоолуурын хаана нь ч хүрэхгүй, ёроолд нь.

Хагас өдрийн найр цаг хугацаанд хавчигдаад (рестораны заалын түрээс, үйлчилгээний мөнгө) тэгсгээд өндөрлөлөө гэсэн чинь дотны хэдэн найз, ах дүү нь гэр рүү нь цувлаа. Гэртээ очоод хэдэн өрөөгөө зочдоор дүүргээд дахин найрлажээ. Шөнө дунд, үүр цайхын наахна найр таржээ. Маргааш нь шартсан улс дахиад ганц нэг ууж иднэ.

зураг
 

Рестораны хажуу өрөөнөөс нөгөө их бэлгээ зөөж барах юм биш. Гэрт багтахгүй, нэг өрөөгөө дүүргээд агуулах шиг болгоод ч нэмэргүй. Гараашаа суллаж тийшээ зөөлөө. Хүүхдүүд нь ганц нэгийг гэртээ авч харьжээ. Мань хүн тэр их бэлгийг хийх газар олдохгүй, үгээ бараад, “Энэ их хогийг яанаа?” гэж хэлж байхыг би хоёр чихээрээ сонссон шүү. Ямар үзэсгэлэн музей нээлтэй биш, эргүүлж заралтай биш, заръя гэсэн ч хэн ч авахгүй, тийм ёс зүй байхгүй. Ёстой яаж ч болдоггүй юм чинь цугларсан тэр их бэлэг юм билээ шүү гэж захиж байв. Яалтай билээ гэж шаналсаар үлдсэн дээ. Одоо эрхбиш учрыг нь олсон байх. Эсвэл цаадуул нь ялзраад муудаад хаягдсан уу?

Шинэхэн “гавьяат”-уудад санаа сэдэл анхааруулга өгөх зорилгоор нэгээхэн хэсгээс нь бичиж байна. “Гавьяат”-ын шар тэмдэгний ач тус байна уу гээд хэргээр мань хүнээс сонирхлоо, хожуухан. Ам халаад хэлж байнаа. Тэтгэвэр дээр 150 мянга гэв үү, мөнгө нэмэгддэг гэлээ. Нийтийн тээвэрт үнэгүй явдаг, II эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эрхтэй, өөр нэг их юм хэлсэнгүй. Аа, тийм төрсөн аймаг, сумынхаа хүндэт самбарт залагдсан, аймаг сумын алдартны номд орсон, УБ-т нутгийн зөвлөлийнхөн хүүе хаая гэдэг болсон, нутгийн зөвлөлийн золголт, шинэ жилийн сүлд модны наадамд уригддаг гэж нэмж хэлнэ лээ.

Шар тэмдгээ байнга зүүж явахаас ичдэг, учир нь маш олуулаа тийм тэмдэгтэй болчихсон. Амьтны нүд хужирлахаасаа өнгөрсөн юм байна. Зүүгээгүй нь дээр юм байна хэмээн дурамжхан хэлж байв.

Жилд хоёр удаа шар тэмдгээ гаргаж дээлэн дээр зүүдэг. Тэр нь Цагаан сарын золголт, Хүй долоон худгийн наадам юм гэнэ. Баярын хурал хуй, уулзалт дээр хааяа зүүж очдог. Хамгийн их нээнтэглүүлсэн нь “гавьяат”-ын угаалгын 100 саяар сох шатсан, бас өр тавьсан, алга хийж барахгүй асар их бэлгэнд дарагдсан, түүнийгээ бараг үзэн ядсан гэх шахуу юм ярьсан шүү.

Шинэхэн мэдээлэл. Бас л санаа авууштай. Миний арван жилийн найз, уран бүтээлч, бизнесч нөхөр маань дурсаж байна. Нэрийг нь бичихээ азная. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, сүүлдээ яамны ТНБД асан найз нь мань хүнийг гавьяатын найрандаа урьжээ. Бас л арав арваараа дугуй ширээ тойрон найрлажээ. Мань эрийн суусан ширээний 10 зочны 9 нь гавьяат, мань хүн гавьяат биш. Тэнд 8 гавьяат нь шар тэмдгээ зүүгээд очиж, нэг гавьяат нь ичсэн үү, яасан тэмдэггүй очиж гэнэ. Миний найз өөртөө баярлан надад ярьж байнаа. “Еэ, Баярхүү минь би өөртөө ёстой баярлалаа, өөрөөрөө бахархлаа. Тэр шар тэмдгээр шагнагдаагүй нь бараг нэр төрийн хэрэг юм байна. Наймуулаа ярайтлаа зүүгээд сууж байгааг харах ёстой нүдний булай юм байна, ямар эвгүй юм бэ?” гэж.

Одоогийн Ерөнхийлөгч рүү шагналын хурыг хэтрүүллээ гэж дайрч давшлах нь сошиалд ердийн үзэгдэл болжээ. Тэрээр шагнах дуртайдаа шагнаад байгаа биш шагнуулах хүсэлтэй нь олдоод тэр л дээ. Гавьяатын донтонгуудад зориулаад тодорхой нэг салбар байхгүйг нь “Үйлчилгээний гавьяат” гэж өргөмжилдөг, тийм хүсэлтнүүдийн оочер тасрахгүй, ЕТГ-аар дүүрэн тодорхойлолт, захидал, лобби. Эцэс төгсгөл гэж байна уу? Аргаа барсан УИХ-ын нэг шинэхэн гишүүн, XXI зууны иргэн бүсгүй шагналын шинэ хууль санаачлах сурагтай. УИХ-ын туршлагатай гишүүн С.Бямбацогтын санаачилна гээд хойшлуулсныг санаачлах гэж байгаа бололтой. Бүтээсэй билээ.

Гавьяатын нээнтэг гэж гарчигласных бас нэг ажиглалт дүгнэлт байна. Монголд мэргэжил үнэгүйдсэн, эсвэл зарим мэргэжил нь хэт ихэдсэн, нийгэмд үнэ цэнээ алдсаны илрэл юм. Зүгээр л “жүжигчин тэр” (дуучин ч адил) гэж хэлүүлэх амтгүй, учир нь хэт олон жүжигчинтэй болчихсон, тэр олноосоо ялгарах гэж нэр ба мэргэжлийнхээ өмнө МУСТА, МУГЖ гэж зарлуулж байхгүй бол болохгүй. “Хуульч тэр” гэвэл нохой хуцсан чинээ хэн ч тоохгүй, харин “Гавьяат хуульч тэр гуай” гэвэл чих нь зөөлрөөд ирнэ. Олон мянган хуульчдаасаа ялгарах цорын ганц давуу эрх нь “гавьяат хуульч” цол. “Жүжигчин” ч бай, “хуульч” ч бай тухайн мэргэжил Монголд үнэгүйдсэн, эсвэл дэндүү олон болсон шиг “гавьяат багш” гэж авгайлуулахгүй юм бол ердийн багш хэн ч биш, өөрөө ч бараг тэгж хэлүүлэхээс ичдэг байх. Тийм учраас бусдаас нь ялгаруулах, түрүүнд нь гаргахын тулд цол гуншинг харамгүй цацдаг нийгмийн дон явж байна. 1990 онд л социализмтай нь хамт халчихсан байх ёстой дон шүү дээ. Бүх салбарт ийм байна. Гэхдээ дагалдаад С.Бямбацогт гишүүний хэлдэг шиг энгэртээ зүүж чадахгүй авдартаа нуудаг болтлоо шагналын нэр хүнд шалдаа унасан. Одоо болих юм биш үү, монголчууд аа!

Хавтгайрсан бас нэг хошин шог үзэгдэл байнаа! Төрийн тэргүүний ёслолын журмаас салгамаар байна. Гардуулдаг, зүүж өгдөг өөр ёслолтой болох хэрэгтэй. Юу хэмээвээс Нарантуулд худалдаа эрхэлдэг миний хуурай дүү нэг сонин мэдээ хэлээдхэв. Би нийтлэлчийн хувьд олзуурхаад энд оруулчихлаа. Нарантуулын наймаачдын дунд явдаг ханш ба шагнал. Монголд насанд хүрсэн хүн бүр л авч зүүхийн донтой болсон “Алтангадас”-ын ханш ба өмнөх шат гэнэ. “Алтангадас”-тан болохын өмнө заавал салбарын “Тэргүүний” болсон байх шалгууртай юм гэнэ. Нарантуул дээр “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдэг 500 мянгаар зарагддаг ба тэр нь нэг ёсны бизнес болсон, олдоцтой гэв. Тэрийг авчихсан нарантуулчин нөхөр “Алтангадас” руу зам мурийхад ханш нь 2 сая төгрөг өлхөн гэж тэр дүү маань ярьдаг юм. Үнэн болов уу? Авлигачин улсад энэ зэргийн одонгийн авлига ч өлхөн бий л дээ.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ХАХА
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг