УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан Монгол Улсын 2021 оны төсөвт Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд нэг ч төгрөг төсөвлөөгүй байна.
Засгийн газар 11.8 их наяд төгрөгийн орлого, 13.9 их наяд төгрөгийн зарлага буюу 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв боловсруулахдаа цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих, татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж зэрэг бодлого баримталсныг Сангийн сайн хуулийн төсөл өргөн барихдаа тодотгосон. Гэвч бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарынханд нэг төгрөг ч тусгаагүй нь харамсалтай.
Цар тахал ийм уршигтай байгаа учраас улс орнууд төсөвтөө тодотгол хийхдээ нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ зориулсан нэн хөнгөлөлттэй зээл гаргаж, хөрөнгө оруулж, санхүүгийн болон татварын дэмжлэг үзүүлэх бодлого барьж байна. Европын холбоо л гэхэд төсөвт тодотгол хийж, 600 тэрбум еврог ЖДҮ эрхлэгчдэд зориулан нэмэлтээр санхүүжүүлэхээр болоод буй. Харин манай Засгийн газар COVID-19-ийн эсрэг эдийн засгийг дэмжих 5.9 их наяд төгрөгийн хоёр багц арга хэмжээ танилцуулахдаа ЖДҮ эрхлэгч, бизнесийнхэнд зориулсан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх санаачилга гаргаж чадаагүй.
Тэдгээр бизнес эрхлэгчдэд зориулсан нэн хөнгөлөлттэй зээл олгох тусгай санг манай улс 2009 онд байгуулсан ч жинхэнэ эздэдээ хүрч чадахгүй явсаар ирсэн төдийгүй өдгөө 300 орчим аж ахуйн нэгжийн 140 орчим тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байна. Шинээр байгуулагдсан ЖДҮ-ийн агентлаг эдгээр аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулах үүднээс хугацаа өгөн сануулж, зөрчлөө арилгахгүй, зээлээ төлөхгүй бол олон нийтэд ил зарлахаар төлөвлөж байгаа юм байна.
iKon.mn тус сангаас хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүддээ зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг баримтаар нотолж, олон нийтэд ил болгосноор өдгөө УИХ-ын дөрвөн гишүүн ял сонсоод байгаа билээ. Ийнхүү тус сангийн хууль бус зарцуулалт ил болсноор өнгөрсөн онд ЖДҮХС-гийн эргэн төлөлт 47 тэрбум төгрөгт хүрчээ. Улмаар 2018 онд 211 аж ахуйн нэгжид 97 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2019 онд 456 ААН-д 47 тэрбум төгрөг олгож чадсан байна.
Энэ бол зээлийн хүртээмж ямар их сайжирсныг харуулж байгаа юм. Тэгвэл 2020 оны төсөвт санд эргэн төлөгдсөн мөнгийг эргүүлэн зээлдүүлнэ хэмээн тусгаж, ЖДҮ эрхлэгчдэд 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоно хэмээн тооцсон боловч энэ оны эцэс гэхэд 20 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа аж. Харин 2021 онд төсвөөс нэг ч төгрөгийн дэмжлэг байхгүй байхаар төслөөс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн үнэнчээр татвараа төлж, хамгийн олон ажлын байр бий болгож, баялаг бүтээдэг ЖДҮ эрхлэгчдэд ирэх онд зээл олдохгүй байж мэдэх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!