Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Орхон аймагт баригдаж буй 1,280 айлын орон сууцны хороолол 2021 онд ашиглалтад орно

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч Баасан гарагт Орхон аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.

Нийт 12.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1,280 айлын орон сууц бүхий 1А хорооллын барилгын ажлын явц 50 хувьтай байгаа ба 2021 онд бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөж буйгаа гүйцэтгэгч компанийн төлөөлөл танилцуулав. Тус хорооллын хажууд Бөхийн өргөө, Соёл амралтын төв баригдах бөгөөд "Найрамдал" өндөрлөгтэй засмал замаар холбогдох юм байна.

 
 

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Орхон аймгийн анхны сургууль болох Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцав. Тус сургууль 2,500 гаруй сурагчтай, хичээлийн хоёр байртай. Хоёрдугаар байрны барилга цэцэрлэгийн зориулалттай ба 1,300 гаруй сурагчтай хичээллэж байгааг сургуулийн захирал Д.Өлзийжаргал хэлсэн юм. Тус сургуулийн өргөтгөлийг барих зураг төсөл 2013 онд гарч, 2018 онд тендер зарлагдан "Неман констракшн" компани шалгарчээ. Гүйцэтгэгч компани төсвөөс 3.5 тэрбум төгрөг, компаниасаа 1 тэрбум гаруй төгрөгийг гарган өргөтгөлийн барилгын ажлын явц 80 хувьд хүрчээ.

 

2013 онд хийгдсэн зураг төсөлд зарим тохижилтын ажлууд багтаагүй байсныг хийсэн тул нэмэлт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсныг гүйцэтгэгч компанийн захирал Л.Баясгалан ерөнхий сайдад хэлсэн юм. Дээр дурдсан санхүүжилт шийдэгдчихвэл барилгын ажлыг хоёр сарын хугацаанд дуусгах боломжтойгоо мөн хэлэв.

Нэмэлт санхүүжилтийг энэ жилийн төсөвт суулгах боломжгүйг Ерөнхий сайд хэлээд ирэх жилийн төсөвт суулгаж, өргөтгөлийн барилгыг аль болох түргэн дуусгах чиглэлд Сангийн яам, Боловсролын яамтай ярилцана гэлээ.

 

Дараагийн бүтээн байгуулалтын ажил нь 5 га талбайг хамарсан спорт, амралт, эрүүл мэндийг дэмжих, иргэдийн ая тухтай байдлыг хангасан “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэн. Энэхүү бүтээн байгуулалт нь улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ба тохижилтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ онд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажил хуваарийн дагуу явж байгааг танилцууллаа.

“Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн захирал "Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил дуусаагүй байгаа хэдий ч оройдоо гэр бүлийн аз жаргалын ордон болж, өглөөд спортоор хичээллэгчдийн цуглах газар болчихсон. Зорьж ирээд, гэр бүл, найз нөхдөөрөө цагаа өнгөрөөж байгаа иргэдийн урсгалыг харахаар ийм бүтээн байгуулалт үнэхээр дутагдаж байсан нь анзаарагдаж байгаа" гэв.

“Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа 10 га талбайд алсыг харагч, галзуу хулгана гэх мэт сүүлийн үеийн технологи бүхий тоглоомын парк байгуулахаар төлөвлөжээ.