Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"ББСБ-аас ₮1.3 их наядын зээл авсан 445 мянган зээлдэгчийн 80% орчим нь аппликэйшн ашиглан зээл авсан"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хэмжээнд нийт 542 банк бус санхүүгийн байгууллага 1.9 их наяд төгрөгийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс үлдэгдлийн хэмжээ нь 1.3 их наяд төгрөг болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

2020 оны эхний хагас жилийн байдлаар Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.5 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь хэмжээ нь 8.7%-тай гарсан байна. ББСБ-ын зээлийн бүтээгдэхүүний үнэ болох зээлийн жигнэсэн дундаж сарын хүү салбарын хэмжээнд 2.9 хувь байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 0.4 нэгжээр буурсан үзүүлэлт гэдгийг салбарынхан хэлэв. 

Өөрөөр хэлбэл, тус салбарын жигнэсэн дундаж сарын  хүү 2016 оноос хойш тасралтгүй буурч байгаа аж. 

Мөн улсын хэмжээнд нийт 445,984 зээлдэгч ББСБ-аар энэ оны эхний хагас жилд үйлчлүүлсэн бөгөөд нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж дүн нь 20.9 сая төгрөг байгаа юм.

“Сүүлийн жилүүдэд технологид суурилсан зээлийн үйл ажиллагааг амжилттай нэвтрүүлж явна. 2020 оны эхний хагас жилийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээл авсан 445 мянган зээлдэгчийн 80 орчим хувь нь апп ашиглан зээл авсан иргэд байна.

Өөрөөр хэлбэл, энэ нь иргэдэд барьцаагүй, хурдан шуурхай зээл авах нөхцөлийг ханган ажилласныг илтгэж байна. Дээрээс нь эргэн төлөлтийн хувьд ч гэсэн харьцангуй сайн байгаа” гэдгийг СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц онцлов. 

ББСБ-ын харилцагчдын тоо одоогийн байдлаар 2.8 сая байгаагаас 90.6 хувь нь гар утас, интернет цахим төхөөрөмж дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртэж байгаа аж.