Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Кобаяши Хироюки: Монгол Улс бол аялал жуулчлалын салбар хөгжих асар их боломжтой орны нэг

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа мөн аялал жуулчлалын чанар, агаарын тээврийн үнэ, өвлийн аялал жуулчлалын талаар түлхүү санал сэтгэгдлээ солилцлоо.

 

Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ “Юуны өмнө бидний хувьд Монгол улстай удаан хугацааны турш найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэндээ баяртай байдаг.

Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар хөгжих асар их боломжтой орны нэг гэж би боддог. Тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөл танай оронд их бий гэж харж байна. Байгалийн эрс тэс уур амьсгал, монгол ахуй, зан заншил гээд жуулчдын сэтгэлийг татах олон сайхан зүйлтэй орон.

Бидний хувьд энэ чиглэлд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхдээ үргэлж таатай байх болно” гэлээ.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Япон Улсаас манай улсад үзүүлсэн тусламж дэмжлэг, байгаль орчны салбарт  оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ хэлмээр байна.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Япон улсын хувьд аялал жуулчлалын салбарт туршлагажсан, жуулчлагчдын хамгийн их аялахыг хүсдэг орны нэг. Тиймээс бид танай орны аялал жуулчлалын салбараас туршлага судлах, сурч мэдэх хүсэлтэй.

Тухайлбал, аялал жуулчлалын чанар, аюулгүй байдал, үйлчилгээ, хөтөч, аялал жуулчлалын бүтээгдэхүүн гээд олон чиглэлд та бүхнээс суралцаж, чадваржихыг эрмэлзэж байгаа.

Мөн бидний зүгээс хоёр орны хамтын ажиллагаанд салбарын аль ч түвшинд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлье” гэсэн юм.

 

Эх сурвалж: БОАЖЯ