Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Капитал банк"-ны удирдлагуудыг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул ЗГ-ын өр барагдуулахад ахиц гараагүй байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад ЖДҮХС-аас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэргээр Эрүүгийн хэргийн шүүхээс 2.5 жилийн хорих ял оноосон талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор "Капитал банк"-ны хохирол барагдуулах ажил ямар шатанд явж байгаа талаар иргэдээс асуулт ихээр ирүүлээд байна. Иймд бид энэ талаар тус банкны эрх шилжүүлэгчээс тодруулахад Капитал банкны удирдлагуудтай холбоотой хэрэг шалгагдаж байгаа тул төлбөр барагдуулах ажилд ахиц гараагүй хэвээр байгааг мэдээлсэн юм.  

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр, "Капитал банк"-ны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарын дөрвөн хүнийг цагдан хорьж, АТГ, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор “Капитал банк” ХХК, түүний охин компаниудын нэр дээрх 203 тэрбум төгрөгөөр бүртгэгдсэн (хөндлөнгийн үнэлгээгээр 142.8 тэрбум төгрөг) 232 үл хөдлөх хөрөнгө, газрыг Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгийн хүсэлтээр Нийслэлийн ерөнхий прокурорын газрын зөвшөөрлөөр бүтүүмжилсэн битүүмж хэвээр байгааг тус банкны Эрх хүлээн авагчаас өнгөрсөн долдугаар сард өгсөн мэдээлэлдээ дурджээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, иргэд, хуулийн этгээд, Төрд учирсан хохирлыг барагдуулах боломжгүй байна. 

“Капитал банк”-ны дампуурлаас үүдэн учруулсан хохиролд Засгийн газрын буюу 29 эх сурвалжийн 562.6 тэрбум төгрөг багтаж байгаа. Энэ өр тус банкны өр барагдуулах жагсаалтын наймдугаарт бичигдэж байсныг шүүхийн шийдвэрээр өөрчлөхөөр болсон. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136.1 тэрбум төгрөгийн нэхэмжилсэн төлбөр болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 104.2 тэрбум төгрөгийн нэхэмжилсэн төлбөр Банкны тухай хуулийн 73.1.8 буюу Засгийн газарт төлөх өр төлбөр дарааллаас дээшилж, 73.1.5 дахь иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансны төлбөр барагдуулах дараалалд нэмэгдэж бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн

Ингэснээр төлбөр барагдуулах дараалал доорх байдлаар өөрчлөгджээ. 

Төлбөр барагдуулах дараалал

Нэхэмжлэгчийн тоо

Төлбөрийн хэмжээ

1

Банкны тухай хуулийн 73.1.5 буюу даатгагдаагүй хадгаламжийн төлбөр

11

344,703.9

2

Банкны тухай хуулийн 73.1.6 буюу цалин хөлс

1

0.36

3

Банкны тухай хуулийн 73.1.7 буюу Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага

1

71,103.9

4

Банкны тухай хуулийн 73.1.8 буюу Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар

27

135,406.3

5

Банкны тухай хуулийн 73.1.9 буюу үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр

28

248.1

НИЙТ

68

551,462.6

Засгийн газартай хамааралтай өрийг дахин сануулбал: 

  • ЭМД-ын ерөнхий газрын 136 тэрбум
  • НД-ын ерөнхий газрын 104.1 тэрбум 
  • Хөгжлийн банкны 56.4 тэрбум
  • ЖДҮХС-ийн 42.9 тэрбум
  • Сангийн яамны 16.8
  • АШУҮИС-4.1 тэрбум
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар - 3.9 тэрбум
  • Нийслэлийн ЖДҮХС- 3.7 тэрбум
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар - 1.9 тэрбум
  • Татварын ерөнхий газар - 1.5 тэрбум (төлөх ёстой татвар) 
  • МУБИС - 2.9 тэрбум гэх мэт үргэлжилнэ. 

Монголбанкнаас "Капитал банк"-нд эрх хүлээн авагч томилох үед тус банк 1,404 зээлийн 211.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан бол 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 1,081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил гаруйн хугацаанд зээлийн тоо 323-аар буюу 23%, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар тус тус буурчээ. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна. Харин энэ хугацаанд төлөлт огт хийгдээгүй 123 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэл бүхий 377 зээл байгааг шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа аж. 

Харин Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нь Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст үүсгэсэн эрүүгийн хэрэг шийдэгдтэл хөрөнгийг битүүмжлэх нь зүйтэй гэж Эрх шилжүүлэгчийн зүгээс үзсэн бөгөөд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаагаа мөн дурджээ. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр, харуул хамгаалалтын зардал, урсгал засвар (ус алдах, дээвэр хийсэх, дусаал дусах ... гэх мэт), ашиглалтын зардал зэргээр их хэмжээний зардал гарч байгаа нь иргэд, хуулийн этгээд, Төрд учирсан хохирлыг барагдуулах мөнгийг бууруулж байгаа аж.

Тиймээс уг зардлыг бууруулах үүднээс иргэд, байгууллагуудтай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ч COVID-19-ийн үеийн хорио цээр, үйл ажиллагааны хязгаарлалтаас үүдэн түрээслэгчид түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болж байгаа, хөнгөлөлт болон чөлөөлөлт үзүүлэх хүсэлтийг ирүүлсээр байгаа тул ашиглалтын зардал нэмэгдэх эрсдэл үүсээд байгааг Эрх хүлээх авагч анхааруулсан байна.