Чили улсын эрх баригчид Хятад руу хулгайн зэс экспортолдог гэмт хэргийн томоохон сүлжээг илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Таван жилийн хугацаанд хулгайн аргаар олж авсан нийт $917 саяын үнэ бүхий зэсийг Хятад улс руу экспортолсон гэмт хэргийн томоохон сүлжээг илрүүлснээ Чилийн эрх баригчид өчигдөр зарлажээ.

Үүнийг тус улсын түүхэнд гарсан хамгийн том зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байна. Тэд хулгайн металлаа Чилийн алс хойд хэсэгт оршдог Икике боомт руу автомашинаар тээвэрлэсний дараа хог хаягдал нэрийн дор чингэлэгт ачиж хилээр гаргадаг байжээ.

Мөн тэд өнгөрсөн хугацаанд хуурамч экспортын $55 гаруй саяын НӨАТ-ын буцаалтыг Чилийн гадаад худалдааны системд мэдэгдэлгүйгээр оруулан авсан байна.

Хууль хүчний байгууллагууд Чилийн долоон бүс нутагт явуулсан “Өндөр Хүчдэл” нэртэй ажиллагааны хүрээнд уг сүлжээний 25 гишүүнийг баривчилж, 49 байгууламжаас 187 тонн зэс, 40 автомашин, 11 галт зэвсэг илрүүлжээ.

Илрүүлсэн металл нь одоогийн ханшаар $2.2 саяын үнэлгээтэй байсан нь тэдний таван жилийн турш олсон орлогын өчүүхэн хэлтэрхий гэж үзэж байна.

Тус бүлэглэлийн гишүүд зэс хулгайлах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх гэсэн ажил үүргийн нарийн хуваарьтай байсныг хэргийг хариуцсан ахлах мөрдөгч Родриго Гонсалес мэдээлжээ.

Тэдний үйл ажиллагаа энгийн: ачааны том оврын автомашинаар цахилгааны шонгуудыг мөргөсний дараа хэдхэн минутын дотор  өндөр хүчдэлийн кабелуудыг салгаад эрх баригчдыг ирэхээс өмнө амжиж зугтдаг байсан гэнэ.

Зөвхөн нэг удаагийн ийм ослоор тэд 60 сая песогийн ($63,000) хохирол учруулж, бүхэл бүтэн сууриныг эрчим хүчгүй болгож байжээ.

Тэд хулгайлсан кабелаасаа хуванцар бүрээсийг нь шатааж, хуулж салгасны дараа хайлуулж, экспортлохоосоо өмнө хууль ёсны эх үүсвэрээс авсан металлтай хольдог байсан гэнэ.

Хуулийн байгууллагууд хулгайн зэсийн Хятад дахь худалдан авагчид хэн байсныг зарлаагүй бол нийслэл Сантьяго дахь БНХАУ-ын элчин сайдын яам энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Гуравдугаар сарын 25-ны өдөр Чили улсын Перутай залгаа хилийн Арика хотын цагдаа нар орон нутгийн агуулахаас 10 гаруй тонн зэс илрүүлснээр уг хулгайн мөрөөр орж байжээ.

Тухайн үед Боливийн нэг, Перугийн нэг иргэнийг хэргийн газраас баривчилсан байна.

Хятад улс дэлхийн нийт үйлдвэрлэсэн зэсийн 58 орчим хувийг хэрэглэдэг бол Чили улс дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд 2025 онд дэлхийн нийт зэсийн дөрөвний нэгийг үйлдвэрлэж байжээ.

Энэ утгаараа тус улсад зэстэй холбоотой гэмт хэрэг байнга гардаг. 2020 оны нэгдүгээр сард Сантьяго хотын баруун хойд хэсгийн Лампа дахь хогийн цэгээс 80 орчим тонн хууль бус зэс хураагдаж байжээ.

Энэ нь цахилгаан болон харилцаа холбооны компаниудаас хулгайлж, Хятад руу экспортлохоор бэлдэж байсан зэс байв.

Хэдхэн сарын өмнө эрх баригчид тус улсын хойд бүсийн уул уурхайн төв Антофагаста хотоос 10 гаруй тонн зэс илрүүлж байжээ.

Тус хотод 2014-өөс 2018 оны хооронд зэс тээвэрлэсэн галт тэрэгт халдсан хэргийн тоо зургаагаас 48 болон өссөн байна.

2023 оны нэгдүгээр сард Сан Антонио боомтод зэвсэглэсэн арван этгээд халдахдаа таван ажилчныг саатуулж, Коделко компанийн Хятад руу экспортлох гэж байсан 13 чингэлэг зэсийг авч явсан юм.

Гуравдугаар сард үүрэгт ажилдаа орсон Чилийн ерөнхийлөгч Хосе Антонио Каст зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийх тэмцлийг засаг захиргааныхаа гол ажил болгоод байна.

 

Эх сурвалж: South China Morning Post