Уганда улсад дөрвөн хүүхдийн амийг хөнөөсөн этгээд баян болохын тулд тэднийг золиосолсноо хүлээжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Африк тивийн Уганда улсад цэцэрлэгийн дөрвөн хүүхэд бусдад хутгалуулж алагдсан гэмт хэрэг гарсан нь нийгмийг цочроож, хилэгнэсэн хүмүүс уг хэргийг үйлдсэн этгээдийг хуулиас гадуур шийтгэхийг оролдож байлаа.

Өчигдөр буюу Лхагва гарагт аллагыг үйлдсэн 39 настай Кристофер Окелло Онюмын анхны шүүх хурал зохион байгуулагджээ. Уганда, АНУ-ын давхар иргэний харьяалалтай тэрбээр эцэг эхийн дүрээр цэцэрлэгт нэвтрээд хүүхдүүд рүү дайрахдаа нэгээс хоёр орчим насны дөрвөн хүүхдийн амийг хөнөөсөн юм.

Эмнэлгийн дүгнэлтэд Онюмыг сэтгэцийн хувьд эрүүл боловч “хүний амиар тахил өргөвөл эд баялагтай болно” гэсэн үзэл онолд итгэсэн хүн байсныг тодорхойлжээ.

Шүүгч энэ дүгнэлтийг уншиж танилцуулах үеэр хохирогчдын ар гэрийнхэн яллагдагч руу хашхирч, харааж зүхэж байсан бол тэр ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байна.

зураг
 

Аллага гарсан цэцэрлэг нь гурван сараас гурав хүртэл насны шим тэжээлийн дутагдалтай, эмзэг бүлгийн хүүхдүүдийг асрах сувилах үүрэгтэй газар байжээ.

Яллагдагч уг аллагыг үйлдэхдээ олон өдрийн өмнөөс сайтар төлөвлөж, бэлдсэн байсныг прокурорууд нотлох баримтаар тогтоосон байна.

Өнгөрсөн долоо хоногт Уганда улсын ерөнхийлөгч Ёвери Мусевенигийн хүү, армийн командлагч Мухузи Кайнеругаба “Бид энэ гэмт хэрэгтэнд цаазын ял оноохыг шүүхээс шаардах болно” гэж мэдэгдэж байв.

Онюмыг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорихоор шийдвэрлэсэн ч шүүх хурлын тов хараахан гараагүй байна.

 

Эх сурвалж: AFP