Ч.Лодойсамбуу: Хэдхэн хүнийг парламентын танхимаас хөөж гаргахын тулд хууль өргөн бариад хэлэлцээд сууж байна гэдэг гутамшигтай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан, боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийг дэмжихгүй буйгаа илэрхийлсэн.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэж хэлж чадахгүй. Монголын парламент, УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэх эрхгүй. 800 жилийн тэртээгээс улбаатай эзэн Чингис хааны их хуралдайн зарчим бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг мэргэн ухаан дэлхийн нийтээр хэрэгжиж байгаа.
Үндсэн хуулиар УИХ бол ард түмнээс эх сурвалжтай буюу ард иргэд төлөөллөөрөө дамжуулж төрөө барьдаг. Ард иргэдээс төрийг булааж авч буй үйлдлийг батлах нь бүү хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл. Хувь заяаны тийм эрх бидэнд байхгүй. Монголын парламент бид нараар эхлээгүй, бид нараар дуусахгүй. Цаашдаа мянга мянган жил үргэлжилнэ. Өнөөдөр УИХ-ын гишүүд зөвхөн энэ дөрвөн жилийг эдлээд яваад өгөх хоноцын сэтгэлээр хандах эрхгүй. Дараагийн парламентын гишүүддээ бүрэн бүтэн парламент, Үндсэн хуулийг засаглалыг хүлээлгэж өгөх үүрэгтэй.
Олон нийт ёс зүй шаардаж байна гэнэ. Олон нийт авлига хулгайчдадаа хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Өнөөдөр аль УИХ-ын гишүүнтэй авлига хулгайн асуудал ярьж байгаа билээ. Сайд нар 100 сая ам.долларын авлига хулгайн асуудал ярьсан. Энэ хүмүүс яасан бэ.
Прокурор санал оруулж ирээд хэрэгт шалгах гэсэн юм түдгэлзүүлээд өг гэдэг. Түдгэлзүүлээд явуулдаг. Энх-Амгалан прокурор энэ танхимаас ёс зүй шударга ёс эхлэх ёстой гэж байсан. Өнөөдөр яагаад оруулж ирэхгүй байна вэ.
Хэрэг нь олдохгүй бол хүнийг нь гаргаж ирээд хэлсэн үг нь таалагдахгүй, чуулгандаа орж ирэхгүй байна гээд ард түмнээс мандат аваад сонгогдсон хүнийг парламентын танхимаас хөөж гаргах хуулийг батлахгүй бол гээд яриад сууж байгаа нь харамсалтай. Одоо байгаа хуулиа хэрэгжүүлээд, мөрдүүлээд явах боломж бүрэн байгаа. Заавал шинэ хууль гаргаж ирээд өш хонзонгоо авдаг нь юу болж байгаа вэ.
Хэдхэн хүнийг парламентын танхимаас ямар нэгэн шалтгаанаар хөөж гаргахын тулд хууль өргөн бариад хэлэлцээд сууж байна гэдэг гутамшигтай санагдаж байна. Дэндүү өндөр төлбөртэй зодооныг МАН-ынхан хийж байна. Энэ зодооныг Монгол Улсын тусгаар тогтнол төлж дийлэхгүй" гэв.
видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
