Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрхийг дэмжих төсөлд 180 гаруй иргэнийг хамруулна
“Монгол дахь Бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх замаар нуугдмал байдалтай байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах” төслийн нээлтийн арга хэмжээ Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд өнөөдөр боллоо.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж хязгаарлагдмал хэвээр байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгаарлагдсан нөхцөлд байх, өөрийн амьдралдаа шийдвэр гарган, сонголт хийн оролцоход бэрхшээлийг үүсгэдэг. Иймээс тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн удирддаг иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хэрэгцээнд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх замаар бие даан амьдрах боломжийг бий болгоно гэдгийг оролцогчид хэлж байв.
Бие даан амьдрах төвүүд (Independent Living Centers-ILC) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгш хамруулахад чухал үүрэгтэй боловч тогтвортой засаглал, санхүүжилт, бодлогын дэмжлэгийг бэхжүүлэх шаардлагатай хэвээр байна.
Эдгээр байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гишүүд ажилтнуудыг хүний эрх, бие даан амьдрахад дэмжих үйлчилгээний менежмент, дижитал ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, удирдлагын чадавхыг сайжруулах ажлууд хэрэгжинэ.
Мөн төслийн хүрээнд бие даан амьдрах үйлчилгээний туршилтыг хэрэгжүүлж, 180 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан амьдрахад дэмжих үйлчилгээнд хамрагдах аж.
Үүнээс гадна Бие даан амьдрах төвүүд төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, бие даан амьдрах үйлчилгээг нийгмийн үйлчилгээний тогтолцоонд нэвтрүүлэх чиглэлээр гэрээ байгуулан ажиллах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ.
Мөн төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, бие даан амьдрах боломжийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 80,000 гаруй хүнд хүрэх хэвлэл мэдээлэл, олон нийтэд чиглэсэн кампанит ажлыг хэрэгжүүлнэ гэв.
Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний бие даан амьдрах боломжийг сайжруулах, улмаар Монгол Улсад хүн бүрд хүртээмжтэй, тэгш оролцоотой нийгмийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




