З.Мэндсайхан: Шүүхийн шийдвэрээр данс нь баригдсан байсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээгээгүй
Засгийн газрын анхны хуралдаан энэ долоо хоногийн Даваа гарагт /2026.04.06/ болж, 12 мянга гаруй ААН-ийн данс хаагдсан байгааг нээх шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайхан тус 12,000 аж ахуйн нэгжийн дансыг нээх шийдвэрийн биелэлт болон төсвийн тодотгол хийх эсэх асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улс төсвийн татварын орлого хэвийн явж байгаа. Улирлын онцлогтой учраас оны эхэнд 1, 2 дугаар сард татварын орлого бага зэрэг тасалдсан асуудал бий. Нефтийн үнийн өсөлтийн нөлөөлөл орж ирвэл бидэнд ямар байдлаар тусах вэ гэдэг дээр урьдчилсан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна.
Татвараа өрөө барагдуулах нь татвар төлөгчийн үүрэг. Татварын хуульд заасны дагуу үе шаттай арга хэмжээ авч явсаар 12,500 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжилсэн байсан.
Засгийн газар анхны хуралдаанаар энэ аж ахуйн нэгжүүдэд нэг сарын хугацаатай боломж олгосон. Энэ хугацаанд татвараа төлөх, үйл ажиллагаагаа жигдрүүлэх боломж олгосныг аж ахуйн нэгжүүд эергээр хүлээн авсан. Өчигдрийн байдлаар 12 банк дээрх 12,500 аж ахуйн нэгжийн 90 орчим мянган дансыг бүрэн нээсэн.
Шүүхийн шийдвэрээр данс нь баригдсан байсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээгээгүй. Татварын хуулийн дагуу өр барагдуулах чиглэлээр битүүмжлэгдсэн аж ахуйн нэгжийн дансыг нээсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
