“Friends” цувралын жүжигчнийг үхэлд хүргэсэн “Кетамины хатан хаан” шүүхээс 15 жилийн хорих ял сонсов
Лхагва гарагт АНУ-ын холбооны шүүх “Friends” цувралын жүжигчин Мэттью Перрийг 2023 онд амиа алдахад хүргэсэн гэм буруугаа хүлээсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ.
42 настай яллагдагч Жасвин Санга нь мансууруулах төрлийн бодис кетаминыг жүжигчинд худалдсан хүн юм байна.
Перри уг бодисын тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 54 насандаа таалал төгссөн юм.
Уг хэрэгтэй холбогдуулан таван хүн гэм буруугаа хүлээснээс ял сонссон гурав дахь хүн нь Санга болж байна.
Перри 1990, 2000-аад онуудад “Friends” цувралд Чандлер Бингийн дүрийг бүтээсэн нь тухайн үедээ түүнийг телевизийн хамгийн том одуудын нэг болгосон юм.
Прокурорууд Сангад 15 жилийн хорих ял төлөвлөснийг шүүх ёсоор болгосон байна.
Тусгай ангиллын үйлчлүүлэгчдэд мансууруулах бодис нийлүүлдэг байсан тэрбээр “Кетамины хатан хаан” хэмээн алдаршсан нэгэн байжээ. Өмгөөлөгчид Сангагийн 2024 оны наймдугаар сараас хойш хоригдсон хугацааг нь ялын хугацаанаас хасах, хоригдож байхдаа үлгэр жишээ үзүүлж байсан, мөн хар тамхины наймаанд буцаж орох магадлал бага гэсэн үндэслэлээр хугацааг богиносгохыг хүсэж байв.
Лос-Анжелес дахь гэрийнхээ халуун усны онгоцонд нас барсан Перрийг мэс засалд мэдээ алдуулагч болгон ашигладаг кетаминыг хэтрүүлэн хэрэглэснээс болж үхсэн гэх дүгнэлтийг шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд гаргаж байжээ.
Перри сэтгэл гутралын эмчилгээнд уг бодисыг хууль ёсны дагуу ашиглаж байсан ч эмчийн зөвлөснөөс илүү ихийг хэрэглэх хүсэлдээ автсан нь үхэлд хүргэсэн байна.
Жүжигчний эмч Сальвадор Пласенсиа нэмэлт кетамин олж өгснөө хүлээгээд 2.5 жилийн хорих ял сонссон юм.
Дараа нь Перрийг нас барахаас дөрөв хоногийн өмнө үхлийн тунтай 25 шил кетаминыг $6,000-оор зарсан Сангаг мөрдөгчид илрүүлж байжээ.
Пласенсиад кетамин олж өгч байсан бас нэг эмч найман сарыг гэрийн хорионд өнгөрөөх ял сонссон юм. Одоо кетамин олж авахад нь зуучилж байсан Перригийн туслах, найз хоёр шүүх хурлаа хүлээж байгаа.
Санха нь Перритэй холбоогүй өөр нэг хүний үхэлд буруутгагдаж байжээ. Түүнээс мөн өндөр тунтай кетамин худалдаж авсан 33 настай Коди Маклори 2019 онд амиа алдсан юм байна.
Маклори тун хэтрүүлэн нас барсныг мэдсэн ч харамсалгүйгээр наймаагаа үргэлжлүүлсээр байсан нь Сангаг олон жилийн ял сонсоход нөлөөлжээ.
Перрийг нас барсныг сонсоод мөн л адил хариу үйлдэл үзүүлснийг мөрдөн байцаалтын баримт бичигт дурдсан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
