Шавьдаа гар хүрсэн ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн цалинг хасав
Японы сүмогийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр Токио хотод хуралдлаа. Энэ үеэр шавьдаа гар хүрсэн Исэгэхама дэвжээний ояката, ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн асуудлыг хэлэлцжээ.
Улмаар түүний багшлах зэргийг хоёроор бууруулж, гурван сарын хугацаанд цалингийн 10 хувь хасахаар болсон байна.
Харин багшдаа зодуулсан Хакүнофүжид хатуу анхааруулга өгчээ.
Мөн холбооны зүгээс Исэгэхама дэвжээнд хатуу хяналт тавьж ажиллахаар болсон аж. Улмаар дөрвөн оякатагийн бүрэлдэхүүнтэй зөвлөл томилсон бөгөөд тэднийг Асакаяама ояката буюу озеки асан Кайо ахлах юм.
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Г.Ган-Эрдэнэ өөрөө сүмогийн холбоонд очиж шавьдаа гар хүрснээ мэдэгдсэн. Уг асуудлаар Хакүнофүжи болон Нишикифүжи нараас мэдүүлэг авсан юм. Улмаар гуравдугаар сарын тэмцээнээр түүний багшлах эрхийг нь түр хугацаагаар хориглосон билээ.
Эх сурвалж: Nikkon Sports
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
