Э.Түвшинжаргал: Дүүжин тээврийн III шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс урагшаа Богд уулыг давах байдлаар төлөвлөж байна

Д.Янжиндулам, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын явц, хэрэгжилт, төлөвлөлтийг нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газраас өчигдөр танилцуулсан юм. Энэ үеэр дүүжин тээврийн гуравдугаар шугамын маршрутыг гаргахаар болсон гэв.

Энэ тухай "Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал "Метро төслийн тендерийг зарласан бол дүүжин тээврийг Монгол, Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 60.7 сая еврогоор хоёр шугамыг барихаар төлөвлөсөн. Нэгдүгээр шугамыг барих ажил 46 орчим сая еврогоор санхүүжиж, гүйцэтгэл сайн үргэлжилж байна.

Дөрөвдүгээр сарын 27-ноос Арцатын амнаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийн ган утсыг дроноор сүвлэнэ. Нэг дамар ган утас нь 112 тоннын жинтэй юм. Энэхүү ган утсыг нэг бүрчлэн сүвлэх болон угсралтын ажил долоодугаар сард дуусаж, туршилтын үйл ажиллагаа эхэлнэ. Арваннэгдүгээр сараас иргэдэд үйлчлэхээр төлөвлөж байна. Дүүжин тээврийн 98 кабинаас 28 нь агуулахад буусан бол 70 нь далай гатлаад ирж явна.

Засгийн газрын 272 дугаар тогтоолоор дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд байхаар баталсан. Хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах мөнгө нь бий. Хоёрдугаар шугамыг барих санхүүжилтийн эх үүсвэрийн талаар Францын компаниудтай хэлцлийг амжилттай зохион байгуулж байна. ТЭЗҮ-ийг боловсруулж, хоёрдугаар шугам баригдана.

Дүүжин тээврийн гуравдугаар шугамыг судлах чиглэлийг Засаг даргын зүгээс өгсөн. Гуравдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс урагшаа Богд уулыг давж, соёл амралт, аялал зугаалгын хэлбэрээр байх боломжтой юм гэсэн байдлаар төлөвлөж байна" хэмээн танилцууллаа.

Яармагийн Арцатын амнаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд хамгийн өндөр тулгуур багана нь 42 метр байна.