Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагаас Өнөр хороолол чиглэлд явах дүүжин замын тээвэр төслийг 40-өөс дээш жилийн хугацаатай, жилийн 0.0078%-ийн хүүтэй, 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа билээ.
Дүүжин замын тээвэр нь 4.2 км урт шугам, нийт 19 тулгуур багана, хоёр буудалтай байх бөгөөд өнөөдрийн байдлаар тулгуур баганууд болон хоёр буудлын шон суурийн ажил бүрэн дуусаж, холбогч хавтангийн суурийн ажил үргэлжилж байгаа аж.
Дүүжин тээврийн аюулгүй байдал болон тоног төхөөрөмж, эд ангиудын талаар төслийг гүйцэтгэгч Франц улсын "Пома" группийн төслийн дэд менежер Алексис Грессэл "Дүүжин замын тээвэр нь танай улсад шинэ зүйл байж болох ч "Пома" компанийн хувьд стандарт төсөл. Бид ийм төслийг олон арван жил гүйцэтгэж ирсэн. Хотын нийтийн тээврийн чиглэлээр 2004 оноос хойш ажиллаж байна. Жишээлбэл Өмнөд Америк, Африк болон Ази зэрэг дэлхийн олон оронд төслөө хэрэгжүүлсэн.
Энэхүү ажлыг ерөнхийд нь тайлбарлавал тойрог ган татлагыг хөдөлгүүрт холбож байнгын хөдөлгөөнд оруулж, тус татлагад бэхлэгдсэн кабинууд хөдөлж байгаа үйл явц юм.
Анкер нь механикийн бүрдэл хэсэг бөгөөд суурьтай холбогддог. Ган татлага нь тодорхой хэмжээний өндөрт байрладаг. Өндрийн хэмжээг трассын дагуу байрлаж байгаа тулгуур баганаар тодорхойлж болно.
Харин газар байрлуулсан тулгуур баганыг том боолтоор бэхэлж, бетонд суурилуулна. Ингэхэд бетоноосоо 20 сантиметрийн өндөртэй гарч ирнэ. Үүн дээрээ тулгуур баганын суурийг суулгах бөгөөд ерөнхийдөө бетон болон тулгуур баганын доод хэсэг хоёрын хооронд байрлана.
Тулгуур баганын өндөр газрын гадаргуугаас шалтгаална. Хамгийн өндөр тулгуур багана нь 40 метрийн өндөртэй.
Монголын өвөл маш хүйтэн гэдгээрээ алдартай. Гэхдээ дүүжин тээвэр маань хамгийн анх цанын баазад зориулж бүтээгдсэн учир өвлийн цагт ашиглагдана гэсэн үг юм. ОХУ, Аляск зэрэг хүйтэн өвөл болдог газруудад ажлаа хэрэгжүүлж байсан учраас өвлийн нөхцөл байдал нь санаа зовоох зүйл биш гэж бид үзэж байна.
Нэмэлт хоёр генераторыг хоёр талын буудалд байрлуулахаар төлөвлөсөн. Ингэснээр цахилгаан тасарсан үед нэмэлт генераторууд ажиллаж эхэлнэ. Тиймээс тоггүй болсон үед дүүжин тээврийн кабинд байгаа зорчигчдыг буулгах хангалттай хэмжээний тогийг үүсгэж чадах юм.
Салхитай үед дүүжин тээврийн тоног төхөөрөмжүүд эвдрэхгүй. Гэхдээ хэт хүчтэй салхитай үед ажиллахгүй байх лимит гэж байдаг. Тиймээс бидний суурилуулсан салхи мэдрэгч хэт их салхитай үед дохио өгнө. Дохиолол ажилласнаар нэн түрүүнд зорчиж байгаа иргэдийг аюулгүй буулгах арга хэмжээг авна. Тулгуур багана бүрд 20, хоёр талын буудалд хоёрыг гэх мэтээр тоолж хэлэх боломжгүй их салхи мэдрэгчийг суурилуулах учир дүүжин тээврийн шугам бүхэлдээ хяналтад байх юм.
Дүүжин тээврийн кабин буудал дээр ирэх үед механик мэдрэгчүүд ажиллаж хаалга онгойно. Мөн кабин хөдөлж эхлэх үед хаалга бүрэн хаагдаагүй байвал дүүжин тээвэр автоматаар шууд зогсоно. Кабин болон буудалд суурилуулсан механик мэдрэгчээр хаалга онгойж, хаагдах учраас аюулгүй" гэж ярилаа.
Барилгын ажлын тухайд "Нийт 38 эргэлдүүлэгч батарейг тулгуур багана бүрд суурилуулна. Эдгээр нь шугамыг чиглүүлэх зорилготой эд анги юм. Эд ангиуд Франц улс дахь Пома группийн үйлдвэрүүдэд хийгдсэн. Өнхрүүлэгч батарей нь буудлаас гарах үед байрлах юм. Үүний доогуур ган татлага явна.
Ган татлага мултарсан үед ажиллах механик мэдрэгчүүдийг суурилуулж, механик эд ангитай холбогдсон электрон мэдрэгчээр дамжуулж аюулгүйн системийг асаан ган татлагыг зогсоох юм.
Өвлийн улиралд ган татлага дээр мөс тогтвол арилгах эд анги байгаа.
Монголын хөрс сул учраас тулгуур баганыг гүн суурилуулна. Арматурыг хамгийн ихдээ 18 метр хүртэл гүнд суулгаж, бетоноор цутгана. Тулгуур баганыг баталгаатай гүнд суурилуулж байгаа" хэмээн тайлбарлав.
Дүүжин тээврийн эд ангиуд болох нийт 149 чингэлэг ачаа Франц улсаас ирэхээс одоогийн байдлаар 20 чингэлэг нь иржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!