Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилж, системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар цахилгааны самбар угсрах, тоног төхөөрөмжийг байршуулах болон холболтын схемийг боловсруулж эхэлжээ.
Түүнчлэн Өнөр хороолол-Яармаг, Арцат буудлууд болон 19 тулгуур баганын шон суурийн өрөмдлөг, арматур, бетон цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, баганын холбоос хавтангийн суурь, 98 ширхэг кабины гараашны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр дүүжин замын тээвэр төслийн нийт ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна гэж албаны эх сурвалжууд мэдээллээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийт ажлын гүйцэтгэл 40%-д хүрсэн тухай мэдээлж байсан юм.
Уг тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай байх бөгөөд 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажил үргэлжилж байгаа аж.
Төсөлд шаардлагатай бараа материалыг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолж байгаа бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелуудыг агуулахад буулгажээ.
Яармагаас Хархорин зах хүртэл иргэдэд үйлчлэх дүүжин замын тээвэр төслийг Франц улсын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!