Яармагаас Хархорины Өнөр хороолол чиглэлд баригдаж буй дүүжин замын тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч "Пома групп"-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд ахлан гүйцэтгэж буй.
Төслийн бүтээн байгуулалтын үе шатуудад Онцгой Байдлын Ерөнхий Газар болон Нийслэлийн Аврах 105 дугаар ангитай тогтмол хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, зөвлөмжийг тогтмол авч хэрэгжүүлж байгаа юм.
Харин тулгуур баганын суурь суулгах, ган татлага татах, өргөлт угсралтын ажиллагаа зэрэг өндөр эрсдэлтэй үе шатуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас байнгын горимоор хэрэгжүүлж, хамтарсан үнэлгээ хийж байна.
"Пома групп", ОБЕГ болон төслийн ашиглалтын байгууллагатай хамтран зорчигчийн аюулгүй ажиллагааны тусгай сургалт, гэнэтийн ослын үед авах арга хэмжээний дадлага сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа гурван сарын хугацаанд системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэх юм. Энэ хугацаанд хүн тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ.
Нэг кабинд 10 зорчигч багтах хүчин чадалтай, туршилтын үр дүнгээр системийн найдвартай ажиллагаа, цахилгаан, механик, хяналтын дэд системүүдийн уялдааг бүрэн шалгах юм. Систем нь цахилгаан тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах автомат нөөц генератораар тоноглогдсон. Энэхүү цахилгаан хангамжийн давхар хамгаалалт нь зорчигчдыг буулгах горимыг аюулгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд аливаа саатал, хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
НИТХ-аас энэ оны долоодугаар сард баталсан "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ байгуулах тогтоолын дагуу бүтцийн зохион байгуулалт, орон тоог батлах тухай нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Тус байгууллага дүүжин замын тээврийн ашиглалт, засвар үйлчилгээ, системийн хяналтыг хариуцан ажиллах юм.
Тус төсөл ашиглалтад орсноор ямар хууль, стандартаар зохицуулах тухайд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас баталсан “Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг мөрддөг.
Нийслэл Улаанбаатар хотод дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Европын Холбооны "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага" бүхий 15 багц стандартыг батлуулсан.
Их багтаамжийн нийтийн тээврийн хуулийн төслийн хүрээнд дүүжин замын тээврийн системийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Европын улс орнуудад дүүжин замын тээврийн системд тусгайлан зориулсан хууль эрхзүйн орчин байдаггүй бөгөөд дээрх "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага"-ын стандартыг мөрддөг гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!