"Нүүрс, зэсийн баяжмалын экспорт төдийлөн нэмэгдэхгүй учир импорт өсөж экспорт саарах төлөвтэй байна"

М.Батчимэг, ikon.mn
32 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайланг өнөөдөр танилцуулав. Энэ үеэр 2026 оны эдийн засгийн төлөв байдлын талаар эдийн засагч Б.Ундрал дараах мэдээллийн өглөө. 

2026 оны эдийн засгийн өсөлт 5 хувьтай байх төсөөлөлтэй байгаа аж. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөх оноос буусан байгаа нь алтны импорт буурч байгаа учраас уул уурхайн салбарын өмнөх оны өндөр өсөлтийг давтах боломжгүй гэв.  

Барилга, худалдаа үйлчилгээний салбар өсөлттэй байна 

Энэ жил онцолж байгаа нэг салбар нь барилгын салбар байгаа аж. Учир нь энэ онд болон дараагийн онуудад бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжих учир барилгын салбарын идэвхжилтийг дэмжинэ гэж харж байгаа аж. 

Түүнчлэн энэ нь барилгын материал болон бусад бараа үйлчилгээний импортын эрэлтийг нэмэгдүүлж худалдаа, үйлчилгээ салбарын идэвхжилтийг дэмжинэ гэсэн төсөөлөлтэй байгаа аж.  Иймд худалдаа, үйлчилгээний салбар нь дараагийн 2, 3 жилдээ эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэв. 

Өрхийн хувийн хэрэглээ ерөнхийдөө эдийн засгийг дэмжих чиглэлд байх хэдий ч аажмаар саарна

2026 он болон цаашдаа өрхийн хувийн хэрэглээ ерөнхийдөө эдийн засгийг дэмжих чиглэлд байх хэдий ч аажмаар саарахтай төлөвтэй байгаа аж. Учир нь инфляц өндрөөр тогтохоор байгаа учир энэ нь өрхийн бодит худалдан авах чадварт нөлөөлнө. 

Мөн нэрлэсэн цалин эрчимтэй өсөж байсан бол энэ жил болон дараагийн жилүүдэд доогуур байх төсөөлөлтэй байгаа учир орлогоо дагаад өрхүүдийн хэрэглээ аажмаар суларна гэв.

Түүнчлэн Төв Банкнаас хэрэглээний зээлийг хумих бодлого хэрэгжүүлж эхэлсний нөлөөгөөр банкны салбарт хэрэглээний зээлийн өсөлт нэлээд саарсан. Иймд өрхийн хэрэглээгээ санхүүжүүлэх боломж хязгаарлагдаж байгаа аж. 

"Шатахууны үнэ нэмэгдэж үйлдвэрлэлийн зардлыг нь нэмэгдүүлснээр ААН-үүд бизнесээ тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөрөнгө оруулалт 

Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт болон төрийн өмчит ААН-ийн санхүүжүүлж буй төмөр замын төсөл зэрэг нь бүгд нийлээд эдийн засгийн өсөлтийг дорвитой дэмжих төлөвтэй байгаа аж. 

Харин хувийн ААН-ийн хөрөнгө оруулалтыг харвал банкууд сүүлийн жилүүдэд бизнесийн зээлийг түлхүү олгосон нь ААН-д хөрөнгө оруулалт болж очсон. Нөгөө талаас шатахууны үнэ нэмэгдэж үйлдвэрлэлийн зардлыг нь нэмэгдүүлснээр эдгээр ААН-үүд нь бизнесээ тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна гэв. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд  Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт цаашдаа багасаж орж ирж байгаа учраас нийт эдийн засагт орж ирэх хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа аж. 

Дотоод эрэлтийн хувьд эдийн засгийн өсөлтөө дэмжих хэдий ч цэвэр экспорт эдийн засгийн үзүүлэлтийг бууруулах төлөвтэй

Учир нь дотоод эрэлтийн идэвхжил нь импортын барааны идэвхжилтийг нэмэгдүүлэх учраас импорт 2026, 2027, 2028 онд өсөлттэй байна. Гэтэл нүүрсний экспорт дэд бүтцийн холболтууд хийгдэхээс нааш өндөр хувиар нэмэгдэх боломж  хязгаарлагдмал байгаа учир бодит экспорт нэмэгдэхгүй мөн Оюу толгойн зэсийн баяжмалын экспортын бодит хэмжээ тогтворжих хандлагатай байгаа учир импорт нь экспортоо давамгайлж эдийн засгийн өсөлт болон цэвэр экспортод сөргөөр нөлөөлөх төсөөлөлтэй байгаа аж. 

Инфляц 8.5 хувьтай байж гадаад тэнцэлд дарамт нэмэгдэнэ

Монгол банкны хэрэгжүүлж буй хатуу бодлогын нөлөөллөөр эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг багасгах чиглэлд нөлөөлнө. Гэтэл түлш шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлэх учраас инфляцыг нэмэгдүүлэх дарамттай байна гэв. Хүчин зүйлүүдийг дундчилж үзвэл инфляц 2026 онд 8.5 хувьд хадгалагдах төсөөлөлтэй байгаа юм байна. 

Энэ он болон цаашид гадаад тэнцэл дээр дарамт нэмэгдэх хандлагатай байгаа аж.  

Оюу толгойн хөрөнгө оруулалт цаашид бүтцээрээ буурч байгаа нь худалдааны алдагдлыг санхүүжүүлэхэд хүндрэлтэй байдлыг үүсгэж байгаа юм байна.