Маргаашаас эхлэн хаврын хэрэгцээний нэг килограмм үхрийн махыг ₮18,000, хониныхыг ₮15,000 болгож, нэмлээ
Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээний махыг бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гаргаж, өнөөдөр ААН-үүдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр “Агро нэгтгэл трейд” компанийн захирал Л.Нямсүрэн “Түлш, шатахууны хомсдол зэрэг нөхцөл байдлаас шалтгаалаад махны үнийг нэмэх хэрэгтэй байна.
Бид өнгөрсөн хугацаанд маш их алдагдалтай ажиллаж ирсэнтэй холбоотойгоор татаас өгөх асуудалд анхаарах хэрэгтэй байна. Махыг бэлтгэн нийлүүлэх явцад өндөр зардал гардаг. Тиймээс уян хатан хандахыг хүсье.
Мах бэлтгэн нийлүүлж байгаа ААН-ийн зүгээс хонины махыг 16 мянган төгрөгөөр, үхрийн махыг 19 мянган төгрөгөөр худалдаалах саналтай байна. Компаниуд өдөр болгон алдагдалд орж байгаа” гэлээ.
“Мах Импекс” ХК-ийн захирал Г.Будрагчаа “Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд ихээхэн хүндрэлтэй байна. Одоо худалдаанд гаргаж буй махны үнэ хямдхан байна. Үүнийг нэмэх хэрэгтэй. Түүнчлэн өмнө худалдаалсан махны хэмжээнд үндэслэн урамшуулал хэлбэрээр татаас олгох хэрэгтэй байна” гэв.
Мөн махыг жижиглэнгээр худалдаалах бөгөөд өргөтгөсөн худалдааг зохион байгуулахгүй. Махыг 600 орчим цэгээр худалдаалах бөгөөд Даваа гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлнэ. Дөрөв, тавдугаар сард махны нөөц хангалттай. Мөн компаниудад өмнө нь худалдаалсан хонины махны зөрүүд 1,500 төгрөг, үхрийн маханд 2,000 төгрөгийн зөрүүг тооцож олгохоор шийдвэрлэжээ.
Өнөөдрийн байдлаар нөөцийн үхрийн мах нэг килограмм нь 15,000, хониных 13,000 төгрөгийн үнэтэй байгаа билээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
