Ж.Дуламсүрэн: Идэшний цагаар нийслэлийн иргэд махаа сайн бэлдэж авахыг уриалмаар байна
Нийслэлийн иргэдийн хаврын махны хэрэгцээ, нөөц, үнийн өсөлт, чанар аюулгүй байдлын талаар албаны хүн өнөөдөр мэдээлэл өглөө.
Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн "Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,000 гаруй тонн махыг нөөцөлсөн. Үүнээс 2,000 гаруй тонн нь үхрийн, 3,000 гаруй нь хонины мах. Есөн ААН-ийн агуулах, хүнсний дэлгүүрүүдэд хяналт тавьдаг.
Нийслэлийн хэмжээнд 386 цэгээр нөөцийн махыг өнгөрсөн нэгдүгээр сараас жижиглэнгээр худалдаалж эхэлсэн юм. Харин өргөтгөсөн худалдааг долоо хоногийн гурван өдөрт есөн дүүргийн есөн цэгт зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 3,000 орчим тонн нөөцийн мах үлдсэн. Дөрөвдүгээр сард 1,500, тавдугаар сард 1,500 тонныг худалдана.
Энэ жил махны экспорт нэмэгдсэн, иргэд идшээ бэлтгэх үеэр түлш шатахууны хомсдолтой байснаас махны үнэ өндөр байна. 2026 оны 1-3 дугаар сард товчоогоор орж ирж буй махны хэмжээ 2024, 2025 оныхоос маш бага байна.
Одоо түлш, шатахууны үнэ нэмэгдвэл махны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт Дэнжийн мянгын зах дээр мах жижиглэнгээр нэг килограмм нь 26,000-29,000 төгрөг, бөөний үнэ нь 21,000-24,000 төгрөг, хонины мах 1,6000-18,000, жижиглэнгээр 21,000-24,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Зэрэглэл өндөртэй зах худалдааны төвүүдэд, тухайлбал Саруул зах, Их наяд худалдааны төвд үхрийн мах 34,000-35,000 төгрөгийн үнэтэй байна.
Идэшний цагаар иргэд махаа сайн бэлдэж авахыг уриалмаар байна" гэж мэдээллээ.
Иргэдийн зүгээс нөөцийн махны амт чанарын талаар гомдол санал гараагүй бол өргөтгөсөн худалдааны талаар гомдол санал нэлээдгүй иржээ. Өргөтгөсөн худалдааны байршлуудыг нийтэд зарлахаар ченжүүд авчихдаг учраас мэдээллийг дүүргүүдийн 204 хороонд түгээж байгаа аж.
Өргөтгөсөн худалдааны үеэр нэг хүнд нэг гулууз хонины мах, 3 уут үхрийн махыг худалдаалдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
