Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах тухай нарийвчилсан журмыг боловсруулж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны мэдээллийн ээлжит хурал өнөөдөр боллоо. 

Хурлаар долдугаар сарын 24-нд дэлхийн хэмжээнд 284,000 гаруй халдвар бүртгэгдсэн нь цар тахал гарснаас хойш хамгийн олон хүн халдвар авсан өдөр болсон тухай мэдээлэв. Түүнчлэн уг өдөр Монгол Улсын хэмжээнд 903 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд бүгд сөрөг гарсан буюу халдвар илрээгүйг танилцууллаа.

Мэдээллийн дараагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хүмүүсийг тусгаарлах хоног яагаад харилцан адилгүй байна вэ. Өвчтөнтэй харьцаж буй эмч, эмнэлгийн ажилтныг 14 хоног тусгаарлаж байгаа хэр нь гадаадаас ирсэн хүмүүсийг 21 хоног ажиглаж байгаа?

-Өвчтөнтэй харьцаж буй эмч, ажилчид 14 хоногийн хяналтад байгаа. Учир нь иж бүрэн хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ ажилладаг. Хамгаалах хувцас хэрэглэлээ зөв өмсөж хэрэглэснээр халдвар авахаас хамгаалагдаж байгаа гэж үзэн 14 хоног хяналтад байлгадаг.

Харин тээврийн жолооч нарыг эхэн үед 14 хоногийн хяналтад байлгадаг байсан. Харин одоо бол Алтанбулаг боомт дээр жолооч нараас шинжилгээ авч, СӨРӨГ гарвал хариуг нь өгч, ЭЕРЭГ гарвал тусгаарлаж байна. Тэд хэнтэй ч уулзахгүйгээр ачаагаа буулгаад явдаг. Замын-Үүд, Гашуунсухайт, Хангимандал боомт дээр мөн ийм дэглэмтэй байгаа. Цааш ороод ачаагаа буулгаад, хэнтэй ч уулзахгүйгээр ирж, буцаад ачаа тээврийн ажилдаа орж байна. Тэд иргэдийн дунд орохгүй байгаа учир ийм тандалтад байгаа. 

Гадаад улсаас ирсэн иргэдийг 21 хоног ажиглан тусгаарлаж байгаа нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн байх эрсдэлтэй тул ажиглаж, тусгаарлаж, хянаж байгаа. 

-Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх талаар та бүхэн саяхан эрсдлийн үнэлгээг хийсэн. Дүгнэлт нь ямар гарсан бэ?

-Бид 10 дахь удаагаа эрсдлийн үнэлгээг хийхэд Монгол Улсад халдвар орж ирэх болон тархах эрсдэл өндөр гэж гарсан. Эрсдэл өндөр хэвээр байвал сургууль, цэцэрлэгийг хэрхэн ажиллуулах талаар урьдчилан ярилцаж, тодорхой журмуудыг гаргана. Урьдчилсан нарийвчилсан журам зааврыг Ажлын хэсэг өчигдрөөс эхлэн боловсруулж байгаа. 

Гэхдээ сарын өмнө энэ асуудлыг ярьж байгаа. Цаашид байдал ямар болохыг мэдэхгүй байна. Цар тахал тархах бол цаг хугацааны асуудал. Татан авалт нэмэгдэж, өвчтэй хүний тоо нэмэгдвэл эрсдэл ч дагаад өсөх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.