Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн харилцаа зогсонги байдалд орж буйд зовниж, солилцоог сэргээх хүсэлтэй байгаагаа Элчин сайд нар илэрхийлэв

ikon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулж, сүүлийн үед ГХЯ-ны зүгээс хийж буй ажлаа олон нийтэд хүргэх, гадаад бодлого, яамны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Уг арга хэмжээнд БТГ-ын захирал Ш.Одонбаатар, АНДОГ-ын захирал Э.Сарантогос, ЕГ-ын захирал М.Цэнгэг нар оролцов.

Коронавируст цар тахлын халдвар дэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хилийн чанадад суугаа иргэддээ мэдээ, сэрэмжлүүлэг түгээх, тэдний виз болон оршин суух хугацааг сунгуулах, торгуулиас чөлөөлөх, эх орондоо буцахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Цар тахлын тархалт үргэлжилж байгаагаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн маань нөхцөл байдал хүндэрч, өргөдөл, хүсэлт, санал гомдол, шүүмжлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн бүрд хүрч ажиллах, боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нийт ДТГ-уудад үүрэг болгож, албан даалгавар хүргүүлээд байна. Хилийн чанадаас буцах хүсэлтэй иргэдээ үе шаттайгаар татах хүртэл ДТГ-ууд нөөц бололцоогоо дайчлан иргэддээ боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэх, иргэдийн санал, гомдлыг сонсож шийдвэрлэх чиглэлээр ДТГ-ууд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг чиглэл болгожээ.

Энэ долоо хоногт Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсад суугаа зарим орны, тухайлбал, Япон, Энэтхэг, БНСУ, ЕХ, ХБНГУ, Франц, БНАСАУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй зорилт, асуудлуудын талаар санал солилцлоо.

Эдгээр уулзалтын үеэр сайд Н.Энхтайван “COVID-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад хэрхэн бодитоор хамтран ажиллах талаар санал солилцов.

Монгол Улс Ази дахь Стратегийн түнш гуравдагч хөршүүдтэйгээ Газрын тосны үйлдвэр, Шинэ нисэх онгоцны буудал гээд мега төслүүд хэрэгжүүлж байна. “COVID-19” цар тахлын нөлөөнөөс эдгээр мега төслийн хэрэгжилтэд аливаа саад тотгор учрах ёсгүйг сайд онцолж, төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулна гэв.

Элчин сайд нар “COVID-19”-ын нөхцөл байдлаас хамааран иргэдийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд ороод байгаад санаа зовниж, боломжийн хэрээр хамтын ажиллагаа, солилцоог сэргээх хүсэлтэй байгаагаа уулзалтуудын үеэр илэрхийлж байв. Монголын тал ч адил хүсэл, сонирхолтой байгаа, гэхдээ ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд юуны өмнө анхаарах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болж байгааг сайд тэмдэглэсэн болно.

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг өсгөх, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа тул Элчин сайд нарыг энэ чиглэлд түлхүү анхаарахыг хүслээ. Хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, ажлын байр бий болгоход чиглэсэн жишиг төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа манай тал илэрхийлэв.

ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзах үеэр COVID-19 цар тахалтай тэмцэхэд ХБНГУ-аас Монгол Улсад 1 сая еврогийн тусламж олгож байгааг, ЕХ-ны Элчин сайд Траян Христеа Европын холбооноос дээрх зориулалтаар 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгох болсныг мөн мэдэгдлээ.

Н.Энхтайван сайд Францын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр ЕХ-ны стандарт, шаардлагад нийцсэн бараа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд францын технологи, туршлагыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, Францын зээл тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж дуусгах талаар санал солилцлоо.

Элчин сайд нар “COVID-19”-ын нөхцөл байдлаас хамааран иргэдийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд ороод байгаад санаа зовниж, боломжийн хэрээр хамтын ажиллагаа, солилцоог сэргээх хүсэлтэй байгаагаа уулзалтуудын үеэр илэрхийлж байв. Монголын тал ч адил хүсэл, сонирхолтой байгаа, гэхдээ ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд юуны өмнө анхаарах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болж байгааг сайд тэмдэглэсэн болно.

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг өсгөх, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа тул Элчин сайд нарыг энэ чиглэлд түлхүү анхаарахыг хүслээ. Хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, жижиг дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх шинэ техник, технологийг Монголд нутагшуулах, ажлын байр бий болгоход чиглэсэн жишиг төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.

Энэ онд Энэтхэг Улстай дипломат харилцаа тогтоосны 65, БНСУ-тай 30, Францтай 55 жилийн ой тус тус тохиож байгааг утга агуулгатай тэмдэглэхээр ярилцаад байна.

 

 

Эх сурвалж: ГХЯ