Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Австралийн түүхэн дурсгалт газрыг сүйтгэснийхээ төлөө уучлал гуйв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн сард Рио Тинто компани Австралийн баруун бүсэд төмрийн хүдэр олборлох зорилгоор тэсэлгээ хийхдээ нутгийн уугуул абориген хүмүүсийн эртний дурсгалыг хадгалдаг агуйг сүйтгэсэн юм.

Энэ үйл явдлын дараа тус компанийн төмрийн хүдрийн салбарын захирал Крис Солсбэри харамсаж байгаагаа илэрхийлж байв. Харин өнөөдөр буюу Баасан гарагт Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак албан ёсоор уучлал гуйж, уг хэргийг мөрдөн шалгахад Австралийн засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Баруун Австралийн Жуканы хавцал хэмээх газарт байдаг хоёр агуйд 46,000 жилийн өмнөөс эхлэн хүн амьдарсныг батлах дурсгалууд хадгалагдаж байсан бөгөөд өнөөдөр тэнд амьдардаг абориген хүмүүсийн хувьд ариун газарт тооцогддог байв. Судлаачид өнөөдрийн нутгийн иргэд агуйд амьдарч байсан эртний хүмүүсийн шууд үр удам болохыг генетикийн шинжилгээгээр тогтоож байжээ.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Австралийн сенат түүхэн дурсгалыг хэрхэн сүйтгэснийг шалгах шийдвэр гаргасан юм. Мөрдөн шалгах ажлын хэсэг есдүгээр сарын 30-нд дүгнэлтээ сенатад танилцуулахаар болжээ.

“Рио Тинто нь Австрали даяар үйл ажиллагаа явуулахдаа нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллаж, тэдний үнэт зүйлсийг хүндэтгэж ирсэн урт түүхтэй. Бид энэ уламжлалаа цааш хэвээр үргэлжлүүлэхээ батлан илэрхийлж байна” гэж Жан Себастьян Жакийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters