Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхцэцэг: Төслөө сайн бичээд, үр ашгаа зөв тооцоолоод очвол банк ямар ч үед дэмжлэг үзүүлдэг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Айл өрхийн тав тухтай байдлын илэрхийлэл болсон ванн, угаалтуурыг хүссэн хэмжээ, өнгө загвараар дотооддоо үйлдвэрлэж буй “Монгол ванн” ХХК-ийн талаар та дуулсан л биз дээ? ХААН Банкны харилцагч, найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгч, үндэсний үйлдвэр “Монгол ванн” ХХК-ийн захирал Ж.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

- Юуны өмнө та компаниа танилцуулахгүй юу?

- Манай компани 2012 онд байгуулагдсанаас хойш 8 дахь жилтэйгээ золгож байна. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, улирлаасаа хамааран тогтмол 20-25 ажилтантай, ачаалал ихтэй үед 35-40 орчим хүн ажилладаг. Үйлдвэрлэл явуулж эхэлсэн эхний 1, 2 жил сул зогсолттой байсан бол гурав дахь жилээс хэвийн үйл ажиллагаатай болж тогтворжсон. Бизнесээ хэвийн явуулахад ЖДБ эрхлэгчдэд хөрөнгө санхүүгийн дутмаг байдал маш их нөлөөлдөг. Хийж чадна гээд нэгэнт зориод ажлаа эхлүүлчихсэн байдаг ч хамгийн том саад болдог зүйл нь тоног төхөөрөмж, үйлдвэрийн байр, ажилчдын тогтмол цалин, түүхий эдийн худалдан авалтын хөрөнгө гэхчилэн ихэнх асуудал нь мөнгө санхүүгээс  хамааралтай байдаг. Гэтэл ЖДБ эхлүүлэхэд ихэнх үйлдвэрлэгчид өөрийн суурь хөрөнгө дутмаг байдаг. Банкууд маань ЖДБ эрхлэгчид, харилцагчдаа бизнесээ хөгжүүлэхэд нь зориулж тусдаа төсөл, хөтөлбөрүүдийг гаргаж байгаа нь бидэнд маш их дэм болж байна. Төслөө сайн бичээд, үр ашгаа зөв тооцоолоод очвол банк ямар ч үед дэмжлэг үзүүлдэг. Бизнесийг маань өнөөдрийг хүртэл хэвийн, сайн ажиллахад тус дэмээ үзүүлсэн гэж үнэлж явдаг.

- Цар тахлын хөл хорионы улмаас олон бизнес хумигдаж, орлого буурах, эргэлтийн хөрөнгө саатах зэрэг бэрхшээлүүдтэй нүүр тулж байна. Танай компанийн хувьд хэр нөлөөлж байна вэ?

- Энэ жилийн хувьд коронавирусээс шалтгаалан бизнес, үйлдвэрлэл зогсох аюул маш олон байгууллага, ард иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн нь мэдрэгдэж байна. Гэхдээ энэ хямрал салбар, үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч байна уу гэж би хувьдаа дүгнээд байгаа. Манай үйлдвэрийн хувьд түүхий эдийн тээвэрлэлтийн хугацаа бага зэрэг удааширсанаас өөрөөр мэдрэгдэх нь гайгүй байна. Манай үйлдвэрийн хувьд барилгын салбарын үйлдвэрлэл дундаа хамгийн сүүлд хэрэглэгддэг бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, манайхтай хамтардаг харилцагч байгууллагууд маань коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэлээс өмнө барилгын үндсэн ажлаа дуусгачихсан, хамгийн сүүлд ванн угаалтуур нь хийгдэж байгаа учраас одоохондоо манай үйлдвэрт энэ хямрал бүрэн мэдрэгдэхгүй байна. Гэхдээ энэ нөхцөл байдал дахин нэг улирал сунжирч үргэлжилбэл дараагийн барилгууд баригдахгүй удааширч, бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрлэгч бид эрсдэлд орох магадлал өндөр байгаа.

- Ванн, угаалтуурыг дандаа импортоор оруулж ирдэг байх гэж бодож байлаа. Дотооддоо ванн үйлдвэрлэдэг хэдэн компани байдаг юм бол?

- Ерөнхийдөө манайх л байгаа даа. 2000-аад оны эхээр нэг компани үйл ажиллагаа явуулж байгаад удаагүй хаагдсан юм билээ. 2015 онд хуванцар ванн хийдэг технологи гарч ирээд дараа жилээс нь бас зогссон. ЖДБ эрхлэхэд импортыг орлосон бүтээгдэхүүн гэдэг ихээхэн онцлогтой. Манайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн импортоор маш ихээр орж ирдэг. Монголд жилд 30,000-40,000 айлын орон сууц ашиглалтад орж байна гэж бодвол ийм тооны ванн, угаалтуур хэрэгцээтэй болдог гэсэн тооцоо бий. Гэтэл манайх жилд хамгийн ихдээ 10,000 хүртэлх тооны ванн үйлдвэрлэж байсан. Цаана нь 30,000 ванн, угаалтуур хилээр орж ирж байгаа гэсэн үг. Иймд манайхтай ижил төрлийн үндэсний үйлдвэрлэгч нэмэгдвэл би баярлана. Яагаад гэвэл бид өрсөлдөгч биш, харин хамтрагчид юм. Бид нэгдэж байж, дотоодын үйлдвэрлэл хөгжиж, импортын бүтээгдэхүүний давамгайлалыг сааруулах боломжтой. Тэгж байж ажилтай, орлоготой, аз жаргалтай монгол хүн, монгол айл өрхийн тоо нэмэгдэхэд хувь нэмрээ оруулна. Зарим салбарт импортоор хяналтгүй, хязгааргүй орж ирж буй бараа бүтээгдэхүүнүүдтэй үндэсний үйлдвэрүүд өрсөлдөж чадахгүй байна. Бид эхний хэдэн жил сул зогсолттой, зээлтэй, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй үе байлаа. Ганц жижиг павильоны түрээс төлж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явсны хүчинд өнөөдөр тогтмол харилцагчтай болоод байна. Нэг харилцагчийн ажлыг чанартай, сайн гүйцэтгэж өгсөн байхад дараа дараагийн харилцагч компаниуд ирж захиалга өгдөг журмаар л бид тулгарсан бэрхшээлүүдийг давж өнөөдрийг хүрсэн.

- Хамгийн сүүлд бизнесээ өргөжүүлэх ямар алхмуудыг хийсэн бэ?

- Манайх одоогийн нөхцөлд бизнесээ өргөжүүлэхээс илүү бүтээгдэхүүнээ илүү чанартай, тогтвортой үйлдвэрлэж, байнгын харилцагчдаа хадгалж үлдэхийн төлөө л ажиллаж байна даа. Өнгөрсөн жил ХААН Банкнаас бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл авч, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж эхэлсэн. Энэ зээлийг авснаар манай татан авалт жигдэрч, гэрээгээр орж ирж буй ажлуудаа алдалгүй, тогтмол үргэлжлүүлэх боломжтой болсон. 

-Манайхан нэг үеэ бодоход дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг болсон. Барилгын компаниудаас хамтран ажиллах санал хэр ирж байна вэ?

- Үндэсний үйлдвэрээ дэмждэг олон сайхан барилгын компаниуд байна даа. Нэрлэвэл 100 гаруй харилцагч байна. Томоохон харилцагчид гэвэл, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци манайхтай 2016 онд гэрээ байгуулж, “Буянт -Ухаа 2” хорооллын 1000 айлын орон сууцны эхний жилд тавьсан  хятад хуванцар ваннуудыг бүгдийг нь манай чулуун шахмал ваннаар солиулж байсан. Тус хорооллын дараагийн ээлжийн 1000 гаруй айлын ванныг ч манай компаниар хийлгэсэн. Мөн “Шинэ Яармаг” хороолол, “Хүннү вилла” гээд хүмүүсийн сайн мэддэг хотхон хорооллууд байна.

- Чанарын хувьд импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулахад ямар вэ?

 

-Ванн хийсэн материалаасаа шалтгаалаад технологи нь өөр өөр байдаг. Европ стандартын ванн ширмэн болон төмөр, хятад ваннууд акрил буюу хуванцар, манай үйлдвэрлэж буй ванн бол Солонгос стандартын шахмал чулуун бүтээгдэхүүн байдаг. Шахмал чулуун бүтээгдэхүүний онцлог нь байгалийн чулуугаар хийсэн учраас усны дулааныг маш удаан хадгалдаг, ус гоожуулахад дуу чимээ бага, ванны өрөөний ховил, доголд хэмжээг нь тааруулан суурилуулж болдог зэрэг маш олон давуу талтай байдаг. Шахмал чулуун ванныг хуванцар ваннтай харьцуулахад хүнд, мөн доргилтоос хамаарч эвдрэх эрсдэлтэй байдаг учраас импортоор оруулж ирдэггүй юм. Бид харилцагч байгууллагуудын захиалгаар газар дээр нь очоод шууд угсарч өгдөг болохоор тээвэрлэлтийн эрсдэлийг нь хариуцаж ажилладаг гэсэн үг. Импортоор оруулж ирж байгаа ваннууд овор ихтэйгээс гадна ачуулж ирэхэд 100 ширхгээс 20-30 нь заавал эвдрэлтэй буюу ирмэг нь хэлтэрсэн, будаг нь ховхорсон, цөмөрч гэмтсэн байдаг. Бид байгууллагуудтай 100 ванны гэрээ хийлээ гэхэд тоо ёсоор нь хүлээлгэж өгдөг. Ванн өөрөө ашиглалтын хугацаа болон эдэлгээний соёлоос ихээхэн шалтгаалдаг бүтээгдэхүүн. Гэхдээ бид дотооддоо үйлдвэрлэж байгаагийн хувьд аль болох эвдрэл гэмтэл гарвал засвар үйлчилгээ үзүүлдэг нь бас нэг давуу тал болж өгдөг.

- Үнийн хувьд илүү хямд байж чадах уу?

- Манай түүхий эд маш чанартай. Манайх түүхий эд болох чулуугаа эх орноосоо авдаг. Харин химийн үйлдвэр Монголд байдаггүй учраас цавуу, будаг зэрэг химийн бүтээгдэхүүнүүдээ БНСУ-аас оруулж ирдэг. Гэхдээ бид чанартай үйлдвэрлэж байна гээд өндөр үнэ тавихыг хүсдэггүй. Нэг айл 5-10 жил амьдарсан байрандаа засвар хийлээ гэж бодоход 300,000-500,000 төгрөгийн дотор ваннаа сольдог байгаасай л гэж хүсдэг. Хүмүүс орж ирээд хятад ванн 100,000-200,000 төгрөг байхад танайх яагаад ийм үнэтэй байгаа юм бэ гэж асуудаг. Материалын чанар, онцлог маш өөр байгаа юм. Бид адилхан нимгэн, чанар муутай материалаар хийчихээд үнийг нь хоёр нугалаад үндэсний үйлдвэрлэл гэж худлаа ярьж суудаггүй. Ямар ч компани үнэт зүйл, тодорхой чиг зарчимтай байх ёстой гэж би боддог. Хэрэглэгчээ дээдэлж, хайрласан үйлдвэрлэл явуулахыг л бид зорьж байгаа юм. Хэмнэлттэй үнээр, олон жил хэрэглэх чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгч чадаж байвал тэнд л хэрэглэгчээ гэсэн хайр явж байгаа. Бидний энэ сэтгэлийг мэдэрсэн хэрэглэгчид дараа дараагийн хүмүүст хэлснээр харилцагчид маань нэмэгддэг. Манай компани өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллаж ирсэн нь үнийн хувьд дундаж, мөн газар дээр нь очиж, угсарч үйлчилгээгээ бүрэн хүргэж чадаж байсны л давуу тал гэж бодож байна.

- Нийт хэдэн нэр төрлийн ванн үйлдвэрлэж байна вэ?

-Одоогоор 1-2 метрийн урттай 30 гаруй төрлийн ванн, хөлтэй болон гоёлын загварууд тус тус үйлдвэрлэж байна. Мөн 10 төрлийн угаалтуур үйлдвэрлэж, тухайн айлын онцлог, дотоод засалд нь тохируулж өнгөтэй болон саатай загвараар гаргаж байгаа.

М.Тэргэл

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.