Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

XI-XII зууны үед холбогдох археологийн олдворууд

ikon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт XI-XII зууны үед холбогдох “Эвэр элэгт нум сум, үйсэн ховд, бургасан мөстэй, төмөр зэвт сумнууд”-ыг толилуулж байна.

  • Материал: Үйс, мод, төмөр, өд
  • Хэмжээ: Нум урт 117см*10см, сум 79см*09см, 90гр
  • Холбогдох он цаг: XI-XII зуун

Эврэн элэгтэй нум сум

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн сумын төвөөс хойш 45км зайд орших Арцат дэл хайрхан уулын агуйн хадны оршуулгаас 1999 онд олджээ. Энэхүү булшнаас гарсан Эвэр элэгтэй нум, үйсэн ховд, бургасан мөстэй төмөр зэвт сумнууд зэрэг нь VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн нүүдэлчдийн булшнаас гардаг эд өлгийн зүйлстэй ижил төстэй бөгөөд Төв азийн нүүдэлчдийн ахуй амьдралын дүр төрхийг бүрэн илтгэн харуулж чадах хосгүй үнэт олдворууд нь өдгөө Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа билээ.

Эвэр элэгт нум сум нь байлдааны үндсэн зэвсэг болно. Судлаачид Монголчуудын байлдан дагууллын амжилт тухайн үеийн соёлын чухал өвийн нэг нь Азийн тахир нумын сонгодог хэлбэрийг хадгалсан Монгол нум хэмээдэг. Энэхүү холын тусгалтай байлдааны зэвсэг нь их бие, хөвч, бариул, нум зэрэг олон эд ангиас бүрдэнэ. Нумыг янгирын эвэр, амьтны шөрмөс, мод, хусны үйс болон бургасаар хийдэг байжээ.

Үйсэн ховд

Үйсэн ховдын нийт урт 89.7см, үүнээс сум авах амсрын урт 18.5см, амсрыг хийхдээ зорж нимгэлсэн хус модыг хагас дугуйруулан матаж түүндээ үйсээ нарийн сураар үдэн тогтоож хусныхаа хоёр үзүүрийг ховдны хоёр талын бэхэлгээ модтой холбон үджээ. Бортгон ховдын ёроолын голч 14.5-9.5см хэмжээтэй байна. Уг ховдын ёроолоос 41,5см-ий зайд, харин нөгөө сэнжний нүх ховдын оройгоос 8см-ийн доор байх ба хоёр сэнжийг ховдын хажуу бэхэлгээ модонд сураар үдэж тогтоожээ. Уг ховдын нүүрэн талын бэхэлгээ мод доороосоо 7см хиртэй хугарсан (Хугархай байхгүй) нүүр талын бэхэлгээний одоо байгаа урт 64см болно.

Бургасан мөстэй, төмөр зэвт сумнууд

Дээрх үйсэн ховдонд нийт 19 ширхэг сум байсны 15 нь бүрэн бүтэн хадгалагджээ. Энэ сумнуудын уртын хэмжээ нь 81см-77.5 см-ийн хооронд байна. Сумны зэвүүд хийц хэлбэрийн хувьд 6 өөр төрлийн байна. Энэхүү археологийн олдворууд нь он цагийн хувьд судлаачдын үзэж байгаагаар дундад зууны үед хамаарагдах эд зүйлс болох нь тогтоогдсон бөгөөд иж бүрдэл, хадгалагдаж үлдсэн байдал зэргээрээ түүх археологийн цорын ганцад тооцогдох дурсгал юм.

 


Эх сурвалж: Монголын Үндэсний Музей