Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын замын эвдрэлийг хүйтэн асфальтаар засварлаж байна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замд хийж буй бүтээн байгуулалтын ажлын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяртай ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын хатуу хучилттай 239 км авто замыг хариуцдаг. Өнгөрөгч 2019 онд замын засвар, арчлалтын ажлын хүрээнд ямар ажлууд гүйцэтгэсэн бэ?

-“Эрдэнэс Монгол” компани нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын эзэмшигчийн хувьд нүүрс тээвэрлэлтэд хүндрэл үүсгэж болох замын эвдрэл гэмтэлд тогтмол үзлэг шалгалт хийдэг. Энэ оны гуравдугаар сарын байдлаар замын эвдрэл харьцангуй бага бөгөөд өмнөх онуудтай харьцуулахад эрс буурсан гэж хэлж болно.  2019 онд нүүрс тээврийн авто замд асфальтбетон нөхөөс, суурийн засвараас гадна  өнгө хучилтын ажлыг түлхүү хийхийг зорьсон нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, 2019 онд 48.5 км замд өнгө хучилтын ажлыг хийсэн бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин их хэмжээ юм. Үүнээс гадна замын байгууламжид хөрөнгө оруулалт хийж, ус зайлуулах хоолойг хэд хэдэн газарт хийсэн. 

-Замын эвдрэлийг богино хугацаанд чанартай гүйцэтгэхийн тулд “Эрдэнэс Монгол” компани Зам засварын нэгж байгуулсан. Мөн өвлийн улиралд замын эвдрэлийг засахын тулд хүйтэн асфальтыг ашиглаж байгаа. Ямар үр дүн гарч байна вэ?

-Авто замын засвар арчлалтыг өвлийн улиралд хийх зорилгоор Японы хүйтэн асфальтыг туршсанаас гадна Английн “Битуфикс” хүйтэн асфальт бүхий шинэ технологийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замд нэвтрүүлсэн. Уг технологийг 2018 оны өвлөөс эхлэн ашиглаж эхэлсэн ба өнөөг хүртэл 600 орчим эвдрэлийг хүйтэн асфальтаар засварласан байна. Энэ нь уламжлалт технологитой харьцуулахад маш хурдан хугацаанд замын эвдрэл гэмтлийг нөхөх боломжтой.

Мөн нөхөөс хийсэн даруйд хүнд даацын машин зорчиж, дугуйны даралтаар нягтарч бэхэждэг учраас тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагагүй юм. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд тохирсон технологи.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам бол улсын болон орон нутгийн чанартай авто замаас өөр. Учир нь хүнд даацын тусгай зориулалтын авто зам бөгөөд 70 хүртэлх тоннын нүүрс ачсан автомашинууд 24 цагийн турш уг зам дээр тасралтгүй тээвэрлэлт хийж байна.

Монгол Улсын Засгийн газраас хугацаатай албан даалгавар гаргаж, “Эрдэнэс Монгол” ХХК болон “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-д хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтыг хариуцах зорилготой Зам засварын нэгж байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компани болон “Гашуун Сухайт Авто Зам” компанийн ТУЗ-өөс холбогдох шийдвэр гарч, 36 хүний бүрэлдэхүүнтэй, 23 ширхэг тоног төхөөрөмж, машин механизмтай Зам засварын нэгжийг байгуулсан.

Зам засварын нэгж байгуулагдсанаар зам засварын ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэснээс гадна эдийн засгийн хэмнэлт бий болсон. 

-Замын засвар, арчлалтын ажлаас гадна зам дагуух дэд бүтцийн ажлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

- Авто зам бол нэг л дэд бүтэц. Гэхдээ ганцхан авто зам тавьснаар бүх асуудал шийдэгдэхгүй. Тиймээс зам дагуу бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, менежментийг цогц болгох шаардлага бий. Тухайлбал, эрчим хүчний болон үүрэн телефоны  сүлжээ чухал ач холбогдолтой. Автомашин саатах, эвдрэл гэмтэл, осол аваар гарахад шуурхай дуудлага өгөх боломжгүй байсан бол “Юнител” компаниас зам дагуу 4 сүлжээний антен байрлуулж, бүрэн сүлжээтэй болголоо. Мөн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж, томоохон давуу талууд бий болж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд 4 шалган нэвтрүүлэх цэг бий. Өнгөрсөн онд үүнээс 2-ыг нь сэргээгдэх эрчим хүчээр хангасан. Мөн нэг шалган нэвтрүүлэх цэгийг эрчим хүчээр хангаад байна. Авто замын төгсгөл буюу Гашуунсухайт боомт орчимд БНХАУ-аас эрчим хүч татах сүлжээ бий болж байна.

Өөрөөр хэлбэл, Цагаанхад суурьшлын бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаар ажиллаж байгаа юм. Ингэснээр тээвэрчдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл, хүнсний аюулгүй байдал, авто машинуудын засвар үйлчилгээ, замын гэрэлтүүлэг болон камержуулалт зэрэг олон асуудал шийдвэрлэгдэх боломжтой.

Үүнээс гадна Засгийн газраас өгсөн хугацаатай албан даалгаврын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд 20 зогсоолыг бий болгосон. 6-7 машин нэг дор зогсох боломжтой энэхүү зогсоолд хогийн цэг, бие засах газрын шинээр байгуулсан. 

-Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Тайван зогсоол” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажил хэзээ дуусах вэ?

-Төрийн үйлчилгээ болон бусад төрлийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлсэн 2,500 автомашины зогсоол бүхий “Тайван зогсоол” цогцолборын бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Ойрын хугацаанд ашиглалтад орох боломжтой. 

-Жолооч нарыг соён гэгээрүүлэх, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх шаардлага бий. Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа вэ?

-Нүүрс тээвэрт явж буй жолооч нарын эрүүл мэндийн асуудал маш чухал. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран эмнэлгийн үзлэг оношилгоог явуулсан. Мөн жолооч нарыг соён гэгээрүүлэх, хариуцлагыг нь нэмэгдүүлэх үүднээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран “Бид нэг амьтай” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

 

Жолооч нар хурд хэтрүүлэх, урсгал сөрөх үйлдэл хийснээс үүдэн зам тээврийн осол аваар гардаг. Иймд энэхүү аяны хүрээнд жолооч нарыг хурд хэтрүүлэх, урсгал сөрөхөөс нь сэргийлэх ажлуудыг хийнэ. Аяныг зохион байгуулснаар жолооч нар өөртөө болон бусдад илүү хариуцлагатай хандаж, зам тээврийн осол аваарын тоо хэмжээ буурна хэмээн үзэж байна. 

-Нүүрс тээврийн компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага бий. Энэ хүрээнд хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Гашуунсухайт боомтоор гарч буй нүүрсний экспортод тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал. Тээврийн компаниудын хувьд ч дотоод менежментээ сайжруулах, гэрээгээр хүлээсэн үүргүүдээ биелүүлж ажиллах, тээвэрчдийн нийгмийн асуудлуудад анхаарах шаардлага байна. Жишээ нь жолоочид шөнийн цагт орчноос ялгарч харагдах гэрэл цацруулагчтай хантааз өмсгөж хэвшүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс дотоод үзлэг оношилгоонд хамруулдаг байх, тээвэрчдийн эрүүл мэндэд анхаарах зэрэг олон ажлыг нүүрс тээврийн компаниуд зохион байгуулах шаардлагатай байна. 

-Осол, аваарын тоо хэмжээ буурсан уу. Осол, аваарын тоо хэмжээг цаашид бууруулахын тулд ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ?

-2019 оны байдлаар осол аваарын тоо хэмжээ өнгөрөгч 2018 онтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Онцлоход, замын нөхцөл байдал сайжрах тусам хурд хэтрүүлэх зөрчил нэмэгдэж байгаа. 

 

-Энэ онд зам засвар, арчлалтын ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ?

-Өнгөрсөн онд хийсэн замын засвар, арчлалтын ажлын тоо, хэмжээг бууруулахгүй гэсэн урьдчилсан төлөвлөгөө байна. “Эрдэнэс Монгол” компани замын засвар, арчлалтын төлөвлөгөөг гарган, төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэхээр ажиллаж байна. 

-Дэлхий дахинд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн улмаас Монгол Улс бүхий л экспортын гарцаа тодорхой хугацаанд хаасан. Харин өнгөрсөн долоо хоногоос Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлсэн. Нүүрсний тээвэрлэлтийг хэрхэн хийхээр төлөвлөсөн бэ?

-Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос бүрэн зогссон. Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Энэ хүрээнд нүүрс тээврийн компаниуд болон жолооч нарт тавих шаардлагыг нэмэгдүүлсэн. Энэ бүхэнд холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. “Эрдэнэс Монгол” компани “Гашуун Сухайт Авто Зам” компанитай хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Мөн нүүрсний уурхайнуудын тээвэрлэлт хариуцсан удирдлагууд ч энэхүү Ажлын хэсэгт багтсан. Ажлын хэсгээс богинын болон уртын тээврийн уялдаа холбоог  хангаж, аюулгүй тээвэрлэлт хийхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Мөн аюулт өвчний халуун цэгт ажиллаж буй цагдаагийн алба хаагчдад авто машин хүлээлгэн өгснөөс гадна нэг удаагийн хувцас хэрэглэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. 

-Ярилцсанд баярлалаа