Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатараас БНСУ, Япон руу зорчигч хүргэж, буцахдаа ачаа тээвэрлэн ирэх нислэг үйлдэхээр төлөвлөсөн"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабын өнөөдрийн хуралд МИАТ ТӨХК-ийн төлөөлөл оролцож, тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө.

Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК долоон удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Эдгээр нислэгээр Улаанбаатараас 1,173 зорчигчийг тээвэрлэн авч явсан бол 983 монгол иргэнийг эх оронд нь авч ирсэн байна. 

Бүх нислэгт мэргэжлийн хяналтын байцаагч болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, нислэгийг аюулгүй гүйцэтгэх зорилгоор халдварт өвчний тархалтаас сэргийлэх онцгой арга хэмжээнүүдийг тогтмол авсан хэмээн тус компаниас танилцуулав. 

Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр "Агаарын хөлгийн нислэгийн үед зорчигчдын халууныг зайнаас шалгах төхөөрөмж, ариутгалын бодис, хоёр цаг тутамд солих амны хаалтыг суудлын тоогоор хангахаас гадна бээлийг байрлуулсан. Мөн зорчигч бүрээс эрүүл мэндийн асуумжийг авч байна.

Хоёрдугаар сарын 1-ний өдрийн УОК-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу голомтын бүс нутгаар дайран өнгөрсөн сэжигтэй шинж тэмдэгтэй иргэдийг тээвэрлэхээс татгалзаж байна. Түүнчлэн арын эгнээнүүдийг яаралтай үед ашиглахаар сул байлган зохицуулж байна.

Хоёрдугаар сарын 1-нээс хойш хийгдсэн долоон удаагийн нислэг хийсний дараагаар ЗӨСҮТ-өөр ариутгал хийлгэж байгаа.

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ойрын үед хоёр талдаа зорчигчтой Сөүл, Токиогийн чиглэлд нислэг үйлдэнэ. Мөн Улаанбаатар талаас БНСУ, Япон улс руу ЭСЯ, дипломат албанаас гаргасан шаардлагыг хангаж буй зорчигчдыг зөөх, буцахдаа шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг тээвэрлэн авч ирэх нислэгийг үйлдэхээр төлөвлөгдсөн" гэв.