Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт эхлэхийн өмнө, 2016.07.15,

Коронавирусийн тархалттай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад байгаа иргэдээ татаж авчрах ажил зохион байгуулах шийдвэрийг өчигдөр гаргасан билээ. 

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Засгийн газрын шийдвэртэй холбоотой ийнхүү жиргэжээ. Тэрбээр "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" гэсэн байна. 

Түүнийг хуулийн байгууллагаас хаана байгааг нь тогтоолгохоор Интерполд хандаад байсан юм. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, тэрбээр төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. 

Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. 

Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд ханджээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.