- Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 сарын 30-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа -
Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.
Уг журмыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд одоо мөрдөгдөж байгаа журмаас шалгуур үзүүлэлт, үнэлгээг илүү бодитой болгожээ. Тодруулбал, “нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт, сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт” гэх мэт шалгуураар үнэлж байна. Энэ үнэлгээ нь ЕБС, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдыг “цаас”-аар үнэлэхэд хүргэж, улмаар багшийн ажлын ачааллыг нэмэгдүүлэхэд хүрчээ. Иймээс цаасан дээр буусан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр бус хүрсэн үр дүн, ахиц, амжилтаар багш, ажилчдыг дүгнэх шинэ журмыг боловсруулсан байна.
Сургууль, цэцэрлэгийн багш 9 төрлийн шалгуур, 36 үзүүлэлтээр ажлаа үнэлүүлэхийн зэрэгцээ 4 төрлийн шалгуур, 12 үзүүлэлтээр улирлын мөнгөн урамшил авч, нийт 48 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж ирснийг 5 төрлийн 12 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж, үр дүнгээ тооцуулан урамшил авахаар шинэчиллээ. Ингэж дүгнэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх бүтээлч ажлын ахиц, амжилтад тулгуурлах юм.
Ноосны урамшуулалд шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулна
“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулах олгох тухай” журмаар гурав дах жилдээ ноосны урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. 2011 онд 21 аймгийн 229 сум, нийслэлийн хоёр дүүргийн нийт 32977 малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан нийт 4925 тн ноосны урамшуулалд 9.8 тэрбум төгрөг, харин өнгөрөгч онд буюу 2012 онд 21 аймгийн 332 сум, 6 дүүргийн 103162 малчны бэлтгэж, тушаасан 14695,5 тн ноосонд 29.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон байна.
Ноосны урамшуулал олгож эхэлснээр үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос бүрэн гарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явагдах боломжтой болсны зэрэгцээ ноос бэлтгэлийн чанарт анхаардаг болсноор ноосон түүхий эдийн ашиглалт нэмэгдэж эхэлжээ.
Энэ оны байдлаар 21 аймгийн 332 сум, нийслэлийн 6 дүүргийн нийт 124 мянган малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 189 үйлдвэрт тушаасан 18.4 мянган тн ноосны урамшуулалд 36,8 тэрбум төгрөг олгох тооцоо гарчээ. Гэвч 2013 оны Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд ноосны кг тутамд урамшуулал олгоход 11.8 тэрбум төгрөгийн санхүүжилт дутагдалтай байна. Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулах талаар хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
Инженер Н.Нацагнямын бүтээлд Шинжлэх ухааны салбарын шагнал олгоно
Инженер Н.Нацагнямын “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэлээ.
Уг бүтээлийг бүх станц, дэд станцуудад суурилуулж, реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ, эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллаж, олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болох юм. Энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд. Учир нь өндөр үнэтэй импортын техник, програм хангамж ашиглаагүй, зөвхөн өөрөө зохион бүтээжээ. Техник хангамж дээр өөрийн програм хангамжийг хослуулж 600 сая төгрөгийн импортыг орлуулсан бүтээл хийсэн байна. Зөвхөн эрчим хүч бус бусад инженерийн салбаруудад өргөнөөр хэрэглэгдэх боломжтой.
Н.Нацагнямын бүтээл нь олон тэрбум долларын инновацийн импортыг дотооддоо хямд өртгөөр зохион бүтээх боломжийг бататгасны дээр Монголын өнөөгийн зарим зардал ихтэй импортын эдийн засгийн тогтолцоог өөрчилж, үйлдвэрлэгч экспортлогч эдийн засгийн тогтолцоо бий болоход түлхэц үзүүлнэ хэмээн дүгнэж байна.
ТОВЧХОН:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|