ВИДЕО: Улаанбаатарын баруун зах буюу 22-ын товчоо ачаалал ихтэй байна
Хот хоорондын тээврийн хэрэгслийн өнөөдөр нээгдсэнээр товчоод ачаалал ихтэй байна.
Яг одоогийн байдлаар Улаанбаатарын баруун зах буюу 22-ын товчоогоор орж, гарч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ТЦА-наас үзүүлж байна.
Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, 500 гаруй албан хаагч товчоод дээр үүрэг гүйцэтгэж байгааг тус албанаас мэдээллээ.
ВИДЕО:
Өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна.
Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваажээ.
- Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт
- Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт
- Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт
- Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт
- Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллаж байна.
Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
