В.Оюумаа: Нийт 3,904 барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэлтэй, тэдгээрийн балансын үнэ 1.7 их наяд төгрөг

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгааг танилцуулав. 

Энэ тухай Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын дарга В.Оюумаа "Улаанбаатар хотын хэмжээнд нийт 3,904 нийслэлийн өмчийн барилга байгууламж бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн балансын нийт үнэ нь 1.7 их наяд төгрөг байна. Үүнээс 1,441 өмч сайн чанартай, 1,895 өмч дунд чанартай, 568 өмч муу чанартай гэж үнэлэгджээ.

Нийслэлийн хэмжээнд нийслэлийн өмчит төсөвт байгууллага 796, дүүргийн өмчит үйлдвэрийн газар 66, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 26, 17 нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 17, нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар 17 байдаг.

Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн балансын үнэ, 200 тэрбум гаруй төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгэсэн байна. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүллээ. 8 хэрэг шүүхийн шатанд байгаа" гэлээ.

Тус газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт нийт 25.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсний 51.05 хувийг бусад орлого, 21.4 хувийг өмч хувьчлалын орлого, 15.05 хувийг түрээсийн орлого, 11.2 хувийг хувьцааны ногдол ашиг тус тус бүрдүүлжээ.