САНЬЯА 2026: Монголын баг хоёр хүрэл медальтайгаар 15 дугаарт жагсаж байна
БНХАУ-ын Саньяа аралд Азийн элсний VI наадам үргэлжилж байна.
Тулааны спортын жюү жицү төрөлд Монголын баг хоёр хүрэл медальтайгаар тэмцээнийг өндөрлүүлэв. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Г.Монголжин, 57 кг-ын жинд Э.Шүрэнцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны Даваа гарагт задгай талбайн усанд сэлэлтийн буухиа уралдаан, элсний каббади, текбол төрөлд медальтнууд тодорно.
Одоогийн байдлаар БНХАУ 14 алт, 11 мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Тайланд дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэл, Филиппин гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар тэргүүлж байна.
Нийт 10 улс алтан медаль хүртээд буй бол 20 улс ямар нэгэн медаль зүүжээ. Манай улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар Бангладеш, Япон, Балба, Пакистан, Саудын Арабын урд жагсаж байгаа юм.
Өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хэсгийн шатанд Шри-Ланкатай өрсөлдөнө. Эрэгтэй баг хэсгийн эхний тоглолтод Индонезыг 15:12-оор илүүрхсэн ч Малайзад 12:19-өөр дийлдсэн аж. Харин эмэгтэй баг Тайванийг 20:18-аар буулган авсан ч Малайз хүүхнүүдэд 12:19-өөр ялагджээ.
Мөн элсний гандболын төрөлд эрчүүд Йордантай тоглох хуваарьтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
