Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил шийдэгдэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар арилжааны банкуудын төлөөлөл, "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагуудтай уулзалт хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/803751433436033/

"Эрдэнэс Силвер ресус" ХХК-ийн төлөөлөл: -“Эрдэнэт силвер ресус” компани тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордын хуучин эзэмшигчдийн хуулийн байгууллагад хандсан асуудал хөндөгдөж байсан. Уг ордыг эзэмшигч “Жи Пи Эф” ХХК Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан гомдлоосоо татгалзсан.

Мөн холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгох хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж, хуулийн дагуу хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Салхитын алт, мөнгөний орд дээр нэмэлт ТЭЗҮ боловсруулж, ордын цэвэр өгөөж нь татвар орсон дүнгээр 569 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гарч байгаа. Энэ бол тухайн ордын гуравны нэг буюу бага хэсэг дээр хийгдсэн тооцоолол. Цаашид эрэл хайгуулаа нэмэгдүүлж, одоо байгаа нөөцөө 2-3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. 

Монголбанкгы Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Зургаан сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдаад, хэрэгжээд явж байна. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байгаа. 

 

“Эрдэнэс Монгол” компаниас гаргах бондыг зээл болгохтой холбоотой тооцоо судалгааг хийж байгаа. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай энэ бондын ашиг, алдагдлын зөрүү гарах бол яаж явах уу гэдгийг судалсан. 

Бонд гараад банкны бланс дээр байгаа тэтгэврийн зээлээр солигдохоор болж байна. 

Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуульд зургаан сар хүртэл тэтгэврийн зээл олгоно гэж заасан. Цаашид тэтгэврийн зээлийг банкны нэг бүтээгдэхүүн байлгах уу үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой. Монголбанкны зүгээс зээл гэдгээр биш тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа. 

Хаан банкны төлөөлөл: Нэгдүгээр сард суутган авсан байсан тэтгэврийн зээлийг тухайн сардаа багтаан тэтгэвэр авагчийн дансанд шилжүүлсэн.

 

Бондыг хүлээж авсны дараа бичилтүүдийг хийнэ гэсэн хүлээлттэй байсан. Хаан банк 540 орчим салбарт 2.4 сая хадгаламж эзэмшигчтэй бөгөөд эдгээр хадгаламж эзэмшигчийнхээ эрх ашгийг аливаа гэрээ хэлэлцээрт тусгах ёстой.  Нийт тэтгэвэр авагчдын 62 орчим хувь нь Хаан банкаар дамжуулан тэтгэврээ авдаг.

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн: Төрийн банк өнөөдрийн байдлаар 330 гаруй суманд 504 салбар нэгжээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 223 тэрбум төгрөгийн зээлийн багцтай байснаас 180 орчим тэрбум төгрөг нь зургаан саяас доош үнийн дүнтэй тэтгэврийн зээл байсныг тэглэж, тэтгэврийг нь олгосон.

 

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хууль гарсантай холбогдуулан хуулийн дагуу тэтгэврийн зээл тэглэх ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж байгаа. 

"Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү: “Эрдэнэс Монгол” компани 100 хувь төрийн мэдлийнх. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор хуулийн хугацаанд Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж, "Эрдэнэс бонд" үнэт цаас гарсан. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Ойрын хугацаанд бонд арилжах гэрээг банкуудтай байгуулна. 

 

Үүнээс гадна тэтгэврийн зээл аваагүй 195 мянган иргэнд тавдугаар сарын 1-н гэхэд Эрдэнэс бонд олгох ажлын бэлтгэл хийгдээд, үндсэндээ бэлэн болсон. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ бол 418 мянган тэтгэвэр авагчтай холбоотой учир нүсэр ажил юм. Банкууд хадгаламж эзэмшигчдийнхээ нэрийн өмнөөс, Монголбанк эдийн засгийн тогтвортой байдлыг хангах эрхэм зорилгын үүднээс, С.Чинзориг сайд тэтгэвэр авагчид, халамж хүртэгчид гээд олон эрх ашгийн уулзвар дээрх нүсэр ажил байлаа.

 

Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно. Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг. 

Арилжааны банкуудын хувьд 16 хувийн хүүтэй зээл олгодог байсныг зургаан хувийн хүүтэй бондоор солигдож байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль аль талдаа алдагдалгүй санал дэвшүүлж байгаа арилжааны банкуудад талархаж байна.