Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж буй асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.12.17/ зохион байгууллаа.
Иргэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс ерөнхий боловсролын сургуулийн орчин буюу сургууль дотор байдаг хоолны газар, сургуулийн эргэн тойрон дахь ТҮЦ болон дэлгүүрт түргэн муудах хагас боловсруулсан болон хуурсан, шарсан бэлэн бүтээгдэхүүн, гарал үүсэл нь тодорхойлогдохгүй чихэр, жимс, хийжүүлсэн болон өнгө оруулсан ундаа зэргийг худалдаалж байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул холбогдох арга хэмжээ авч, таслан зогсоохыг хүссэн өргөдлийг тус Байнгын хороонд ирүүлсэн байна.
УИХ-аас баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль нь 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн орчинд хямд өртөгтэй хамгийн чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай газ, цавуу, архи, тамхи зэргийг худалдаалж байгааг таслан зогсоох яаралтай, шийдвэртэй арга хэмжээ авч, эрхзүйн зохицуулалтыг мөрдөж, уялдаа холбоог хангаж ажиллахыг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.
Төгсгөлд нь УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, хэлэлцүүлгээс сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргаж, уг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэж байгааг тэмдэглэлээ.
Зөвлөмжид 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах бэлтгэлийг хангах, Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2013 онд баталсан цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад архи, согтууруулах ундаа зэрэг шаардлагатай зарим бүтээгдэхүүнийг нэмэх, хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллахыг тусгасан байна.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 дугаар тушаалд:
Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, албан тушаалтнууд тайлбар мэдээлэл хийхийн зэрэгцээ Байнгын хорооны дарга, гишүүдийн асуултад хариулт өгөв.