Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.2 хувьтай байна.
Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Одоогоор түлш борлуулах зарим цэг түлшгүй болсон байна.
““Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр цахилгааны эх үүсвэрээс үүдэлтэй доголдол гарч, жигд горимоор ажиллах боломжгүй байгаа учраас түлш борлуулах цэгүүдэд хомсдол үүссэн” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.
Цахилгааны эх үүсвэргүйн улмаас зарим шугамд доголдол үүссэн, одоогоор 11 шугам ажиллаж байгаа, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж борлуулах цэгүүдэд үүссэн түлшний хомсдлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн “Тавантолгой түлш” компанийнхан тайлбарлаж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үйлдвэрийн бүх шугамыг бүрэн ажиллуулж түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг Тавантолгой түлш компанийн удирдлагад даалгаад нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан ажиллана гэлээ.
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр дахин хуралдахаар товлосноор энэ удаагийн хуралдаан өндөрлөжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|