Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МЭМАҮЭХ)-ноос санаачлан хоёр жил тутамд эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг тодруулан "Эрдэнийн чагнуур"-аар шагнадаг болсон юм.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан тус арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), дэмжигч байгууллагаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) ажиллаж, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон (СТО)-д шилдгүүдийг шалгарууллаа.
Сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг алдаршуулах, нэр хүндийг өргөх, нийгэмд таниулах зорилготой тус ёслолд МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа, Улсын Их Хурал (УИХ), Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцсон юм.
Энэ жилийн хувьд "Эрдэнийн чагнуур"-ын эзнээр анх удаа эрэгтэй сувилагч тодорсон нь гол онцлог байлаа. Улсын хэмжээнд ажиллаж байгаа сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд 13 төрөлд нэр дэвшиж, өрсөлджээ.
"Эрдэнийн чагнуур"-ын эзэд
- Ерөнхий мэргэжлийн сувилахуй - Чингэлтэй дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дотоод шүүрлийн булчирхайн сувилагч Лянхуагийн Уранцэцэг,
- Өрх, сум, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй - Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сувилахуйн арга зүйч Сүрэнхүүгийн Болормаа,
- Хүүхэд, нярай, эх хүүхдийн сувилахуй - Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн өсвөр үеийн сувилагч Раднаа-Очирын Уранчимэг,
- Мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй - Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сувилагч Аавхүүгийн Мөнх-Эрдэнэ,
- Мэс засал, гэмтэл, согог заслын сувилахуй - Нийслэлийн Шүд, Эрүү, Нүүрний Төвийн мэс заслын тасгийн ахлах сувилагч Орсоогийн Сэрсмаа,
- Арьс, халдварт өвчний сувилахуй - Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн ахлах сувилагч Халтарын Эрдэнэтуяа,
- Эмнэлгийн бусад мэргэжилтэн "Даатгал, статистик, ариутгал" - Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн даатгалын ажилтан Чимэдийн Оюунбилэг,
- Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилахуй - Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж тасгийн сувилагч Балдансүрэнгийн Цэцэгдэлгэр,
- Нүүр Ам, Нүд, Чих Хамар Хоолойн сувилахуй - Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чих, хамар хоолойн ахлах сувилагч Лувсандоржийн Сосорбарам,
- Эмнэлгийн бусад мэргэжилтэн "Лабораторын технологи" - Эмгэг Судлалын Үндэсний Төвийн лаборант Сүрэнжавын Анхтуяа,
- Эх барихуй - Нийслэлийн Амгалан амаржих газрын эх баригч Цэнд-Аюушийн Тунгалаг,
- Эмнэлгийн бусад мэргэжилтэн "Дүрс оношилгоо" - Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ахлах хөдөлгөөн засалч Өлзийхутагийн Жавхлан,
- Эмнэлгийн бусад мэргэжилтэн "Дүрс оношилгоо" - Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн ахлах техникч Батхуягийн Гэрлээ нар шилдгээр тодорлоо.
ФОТО
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!