Жао Шиньтун снукер бильярдын дэлхийн аварга болсон анхны ази тамирчин боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Энэ жилээс "Halo World Snooker Championship" нэртэй болсон снукерын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 5-ныг дуустал үргэлжилсэн юм. 

Уламжлал ёсоор Английн Шеффилд хотын "Крусибл" театрт болсон ДАШТ-д БНХАУ-ын тамирчин Жао Шиньтун түрүүлэв. Өдгөө 28 настай хятад эр шигшээд дэлхийн гурван удаагийн аварга (2000, 2003, 2018), Уэльсийн Марк Уильямсыг 18:12-оор буулган авч, дэлхийн аварга цол хүртсэн анхны ази гаралтай тамирчин боллоо.

Тэрбээр дэлхийн чансааны 16-д бичигдэж байсан Уэльсийн Жак Жонсыг эхний даваанд буулган авч, хоёрын даваанд нутаг нэгт Лэй Пэй Фаныг, шөвгийн наймд Английн Крис Уайкленийг, хагас шигшээд снукерын домог Ронни О'Сулливаныг илүүрхсэн юм.

зураг
 

Дэлхийн аварга болсныхоо дараа Жао сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Энэ бол миний болон манай улсын снукерын түүхэнд онцгой мөч юм" гэж онцолжээ. 

Түүний ингэж онцлох болсон нь цаанаа учиртай. 2023 онд Хятадын 10 тамирчин тохиролцсон тоглолт хийсэн хэргээр хэсэг хугацаанд спортоос хөндийрч байв. Жао ч тэдний нэг. Хийсэн хэрэгтээ 20 сар тэмцээнд оролцохгүй байх шийтгэл хүлээсэн ч эргэн ирж, дэлхийн аварга болов.

Тэрбээр ДАШТ-ий урьдчилсан шатнаас шалгарч, цаашлаад аваргалсан түүхэнд гурав дахь тамирчин юм. Түүнээс өмнө 1979 онд түрүүлсэн Уэльсийн Терри Гриффитс, 2005 онд цом өргөсөн Английн Шон Мурфи нар ийм амжилт үзүүлсэн билээ.

Шигшээд түүнтэй өрсөлдсөн Марк Уильямс хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трампыг ялснаар 50 насандаа финалдсан хамгийн ахмад тамирчин болсон юм.

Жао түрүүлснээр $664,000 шагнал авч, дэлхийн чансааны 11 бичигдэж эхэлсэн бол үзүүрлэсэн Марк $265,000-ыг "халаасалж", дэлхийн чансааны гуравдугаарт жагсах боллоо. 

 

Эх сурвалж: CNN