Японд ирсэн гадаадын жуулчдын хамгийн том бэрхшээл хогийн савны хомсдол болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Япон улсын засгийн газар тус улсад ирсэн гадаадын жуулчдад тохиолддог хүндрэлтэй асуудлуудыг тодруулах зорилготой санал асуулгыг зохион байгуулж, үр дүнгээ өчигдөр танилцуулжээ.

Өнгөрсөн арван хоёр, нэгдүгээр саруудад Японы таван гол нисэх буудлаар дамжин буцсан 4,000 гаруй жуулчныг энэхүү судалгаанд хамруулсан юм байна.

Жуулчдын 21.9 хувь буюу хамгийн том хэсэг нь олон нийтийн газарт хогийн сав олддоггүйг хамгийн том асуудал гэж дүгнэжээ.

Энэ нь өнгөрсөн оны ижил судалгаатай харьцуулахад 8 нэгж хувиар буурсан үр дүн боловч жуулчдын хамгийн их санаа зовоосон асуудал хэвээр байгааг харуулсан байна.

Япон улсад өмнө нь хогийн савны олдоц хүрэлцээ сайн байдаг байсан бол сүүлийн жилүүдэд террорист халдлагад ашиглахаас сэргийлэх үүднээс эрс цөөрүүлжээ.

Харьцуулбал Нью-Йорк, Парис зэрэг дэлхийн аялал жуулчлалын том төвүүдэд тус бүр 30,000 орчим хогийн сав байдаг гэнэ.

Японд ирсэн жуулчдад тохиолддог дараагийн асуудлуудаар нутгийн хүмүүстэй англи хэлээр харилцахад гардаг хүндрэл 15.2 хувь, жуулчдын гол очдог газрууд дахь хэт өндөр ачаалал, бөөгнөрөл 13.1 хувьтай тодорсон байна.

Мөн хилээр нэвтрэхэд гардаг хүндрэл, нисэх буудлуудын урт дараалал дараагийн асуудлуудаар нэрлэгджээ.

 

Эх сурвалж: Kyodo News