Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Украины дайныг дуусгахад Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы тусламжийг авах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр Туркийн ерөнхийлөгчтэй утсаар ярьсныхаа дараа сошиал хуудсандаа энэ талаар бичсэн байна.
“Орос, Украины хооронд үргэлжилж буй шившигтэй, цус урсгасан дайныг дуусгах асуудлаар би ерөнхийлөгч Эрдогантай хамтран ажиллахыг хүсэж байна” гэж Трамп бичжээ.
Эрдоган энэ үеэр Трампыг эх орондоо урьсан бол Трамп бас түүнтэй ойрын үед Вашингтонд уулзахаар болсон байна.
Трамп сонгуулийн турш Украины дайныг 24 цагийн дотор дуусгаж чадахаа амлаж байсан ч бодит байдал дээр ингэж чадахгүй удаж байгаа.
НАТО-гийн гишүүн Турк улс нь Хар тэнгисээр Украин, Орос улсуудтай хил залгадаг бөгөөд өнгөрсөн хугацаанд аль алинтай нь сайн харилцаатай байхыг эрмэлзэж ирсэн юм.
Анкарагийн эрх баригчид дайтагч талуудын хооронд хоёр ч удаа уулзалт зохион байгуулж байв.
Трамп бас Эрдогантай Сири, Газын зурвасын асуудлаар ярилцсанаа мэдээлжээ.
Энэ үеэр Эрдоган иргэний дайны хөлд олон жил нэрвэгдсэн Сири улсын нөхцөл байдлыг тогтворжуулах, энэ зорилгоор тус улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлуулах асуудлаар АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлснийг Цагаан ордон мэдээлсэн байна.
Мөн Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг тасалдуулахгүй байхын чухлыг Эрдоган АНУ-ын ерөнхийлөгчид онцлон хэлсэн гэнэ.
Ерөнхийлөгч Трамп ирэх долоо хоногт Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират улсуудад айлчлах гэж байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
|