Статус Финанс ББСБ-ын Гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэртэй хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагчдад зориулсан шинэлэг үйлчилгээний тухай ярилцлаа.
- Үнэт цаас барьцаалсан зээлийг зах зээлд танилцуулаад 1 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ үйлчилгээ хөрөнгө оруулагч иргэдэд, зах зээлд ямар үр дүн, гол ач холбогдолтой талаар мэдээлэл өгнө үү?
- 2024 оны 4-р сараас үнэт цаас буюу хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) барьцаалсан зээлийн үйлчилгээг анх танилцуулж, хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлж байна. Иргэд хувьцаа, бонд авахдаа тодорхой хугацаатай, зорилготой хөрөнгө оруулалт хийдэг. Ялангуяа хувьцаа худалдаж авахдаа ихэвчлэн урт хугацаанд хөрөнгө оруулалт хийж илүү өндөр өгөөж хүртэх зорилготой байдаг. Гэтэл заримдаа гэнэтийн санхүүгийн асуудал, мөнгөний хэрэгцээ үүсэхэд эзэмшиж буй хувьцаа, бонд нь хүссэн хэмжээгээр нь зарагдахгүй байх, зарагдсан ч багагүй алдагдал хүлээх, улмаар хөрөнгө оруулалтаа дахин цоо шинээр эхлэх шаардлагатай тулгардаг байсан. Харин үнэт цаас барьцаалсан зээл нь үүнийг өөрчилж, хөрөнгө оруулагч иргэдийг анхны урт хугацааны зорилго, төлөвлөсөн өгөөжөө хадгалах боломжийг олгодог онцлогтой.
- Эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал он гарснаас хойш төдийлөн таатай биш байгаа. Энэ нь хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлж байна вэ?
- Өнөөдөр зөвхөн Монгол Улсад гэлтгүй дэлхий дахинд хөрөнгийн зах зээл нэлээн хөдөлгөөнтэй, бүр тодруулбал бууралттай байна. Энэ цаг үед өөрийн хөрөнгө оруулалтаа худалдаж, арилжих нь хэрэгжээгүй буюу цаасан дээр байгаа, засагдах боломжтой алдагдлыг бодитоор хүлээх, алдагдлаа үүрэх нөхцөл байдалд хүргэнэ. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн бууралтуудыг харвал урт хугацаандаа үргэлж эргэж сэргэсэн циклтэй байдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ таны эзэмшиж буй хувьцаа, бондыг гаргасан компанийн үйл ажиллагаа нь үнэхээр сайн, ашигтай, өсөлттэй хэвээр байгаа бол гадаад, макро хүчин зүйлсээс шалтгаалсан түр зуурын уналтын үед тэр хувьцаа, бондоо зарж алдагдал хүлээх нь маш харамсалтай.
Ялангуяа манай улсын хувьцааны зах зээл хаврын 3, 4, 5-р саруудад буурах хандлагатай байдаг. Үүнд хавар бизнесийн идэвхийг дагаад бэлэн мөнгөний хэрэгцээ нэмэгддэгээс гадна хувьцааны ногдол ашгийн бүртгэлийн өдрийг өнгөрмөгц хувьцаагаа зарж, зөвхөн ногдол ашгийн өгөөж богино хугацаанд хүртэх зорилготой хөдөлгөөн нэмэгддэг нь ч мөн нөлөөлдөг.
- Хувьцааны ханш уналттай үед засагдах боломжтой алдагдлыг бодитоор хүлээхээс зайлсхийх тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
- Жишээлбэл 5 дугаар сар манай улсын хөрөнгийн зах зээлд их онцлогтой сар. 2012-2024 оны хооронд 13 жилийн хугацаанд ердөө ганц л жилд нь өсөлттэй, бусдад нь бууралттай байсан улаан түүхтэй сар. Энэ жилийн 5 дугаар сард ч мөн бууралттай гарах магадлал өндөр байна. Тодорхой компанийн хувьцаа дээр дахин нэг жишээ авъя. Голомт банкны хувьцаа энэ оныг 1,242 төгрөг дээр эхлүүлсэн бол хувьцааны бүртгэлийн өдрөөр 1,440 төгрөг хүртэл өссөн. Харин 5 дугаар сарын эхний өдрийн арилжааг 1,058 төгрөг дээр өндөрлүүлсэн нь оргил үеэсээ 26.5 хувь унасан үзүүлэлт. Улмаар тус банкны хувьцаа дансны үнээсээ 40 шахам хувь хямд арилжаалагдаж байна. Гэтэл тус банкны 1 дүгээр улирлын ашиг өмнөх оноосоо 36 хувь өсөлттэй гарсан шүү дээ. Ийм байхад та богино хугацааны санхүүгийн хэрэгцээнээс болж ийм амжилттай байгаа компанийн хувьцаагаа хямд зарж 30-40 хувь алдагдал хүлээнэ гэдэг маш харамсалтай.
Тэгэхээр энэ богино хугацааны уналтыг заавал алдагдал хүлээхгүйгээр давж гарах боломжууд байна.
“Долоо хоногийн хугацаанд зээл ашиглах тохиолдолд ердөө 0.6-0.7 хувийн хүү төлнө”
- Тэгэхээр үнэт цаас барьцаалсан зээл хөрөнгө оруулагчийг алдагдлаас сэргийлэх нэг арга гэж ойлголоо.
- Яг тийм. Энэ үйлчилгээг ашиглах 3 гол хэрэгцээ бий. Нэгдүгээрт таны хэлсэнчлэн анхны хөрөнгө оруулсан зорилго, өгөөжөө алдахгүйгээр гэнэтийн санхүүгийн асуудал, бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангах. Хоёрт. Өөр шинэ хөрөнгө оруулалтын боломжийг ашиглах гэж хэлмээр байна. Шинэ, таатай хөрөнгө оруулалтын боломж гарсан тохиолдолд эхний хөрөнгө оруулалтаа зарж, үрэлгүйгээр шинээр мөнгө босгох буюу эхний хөрөнгө оруулалтаа хөшүүрэг болгож ашиглах.
Жишээ нь нэг харилцагч саяхан банкны нэлээн өндөр дүнтэй хувьцаагаа барьцаалж зээл авлаа. Зээлийн зорилго нь зах зээлийн ханшаас хямд үнээр орон сууц авах боломжоо ашиглах байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа тэр хүн өөрийнхөө хувьцааг заралгүйгээр харин шинэ эх үүсвэрийн хөшүүрэг болгож ашиглаад байгаа юм. Гуравт. Манай хөрөнгийн зах зээл жижиг учир яг хэрэгтэй үедээ, хүссэн хэмжээгээр үнэт цаасаа борлуулах гэхээр худалдан авагч гарч ирэхгүй хугацаа алдах нь түгээмэл. Ийм үед маш богино хугацаанд асуудлаа шийдэх боломжийг энэ зээл олгож байгаа. Харин үнэт цаас барьцаалсан зээлийн хүүг зөвхөн ашигласан хоногоороо төлдөг учир жишээ нь 7 хоногийн хугацаанд зээл ашиглах тохиолдолд ердөө 0.6-0.7 хувийн хүү төлнө гэсэн үг шүү дээ.
- Тэгвэл энэ зээлийг сонирхож буй хөрөнгө оруулагчдад нөхцөлийг нь тайлбарлаж өгнө үү?
- Хувьцааны хувьд биржийн Топ 20 индексэд багтсан бүх хувьцаануудыг барьцаалах боломжтой гэж анх үндсэн нөхцөлөө гаргасан. Гэхдээ энэ дээр нэмээд хөрөнгийн биржийн 1 дүгээр ангилал дээр арилжаалагдаж байгаа зарим хувьцаануудыг ч барьцаалах боломжтой.
Бондын хувьд бирж дээр нээлттэй арилжаалагдаж байгаа бондууд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас аль аль нь байж болно. Мөн биржийн бус зах зээл дээр, хаалттай гарч байгаа бондуудыг барьцаалж зээл олгох боломжтой. Бид өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хаалттай бонд дээр зээл гаргасан. МХБ болон бусад хувийн биржүүд, мөн биржийн бус зах зээл дээр бондууд идэвхтэй гарсаар байгаа шүү дээ.
- Та харилцагчдадаа ямар хугацаагаар зээл авах нь хамгийн тохиромжтой гэж зөвлөдөг вэ?
- Зээлийн хугацааны хувьд бонд барьцаалсан зээл бондынхоо хугацаагаар хязгаарлагдана. Харин хувьцаа барьцаалсан зээлийн хувьд 12 сар хүртэлх хугацаагаар олгож байна. Энэхүү зээлийг аль болох богино хугацаатай зээлийн хэрэгцээнд зориулж авах нь хамгийн тохиромжтой. Урт хугацаагаар үнэт цаас барьцаалсан зээл авах нь хүүгийн зардлыг нэмэгдүүлэх учир зайлсхийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үнэт цааснаас олох ашгаас илүү гарсан зардалтай зээл авах нь мэдээж утгагүй.
1 жилийн хугацаанд харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж зээл олгох процесс, алхмыг хялбаршуулж, харьцангуй уян хатан нөхцөлийг санал болгосоор байгаа.
- Процесс, алхам гэж хэллээ. Зээл шийдвэрлэх хугацаа, үе шатыг дэлгэрүүлбэл?
- Харилцагч харилцдаг үнэт цаасны компаниасаа юм уу эсвэл Үнэт цаасны төлөвлөсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-өөс үнэт цаас эзэмшиж байгааг батлах дансны тодорхойлолтоо авч ирэхэд хангалттай. Таныг ирмэгц E-Mongolia-д бүртгэгдсэн таны бичиг баримтуудтай танилцаад 30 минутад шийдвэр гардаг. Шийдвэр гарч зээлийн гэрээ байгуулмагц та гэрээний нэг хувиа ҮЦТХТ-д өгч бүртгүүлнэ. Ингэснээр тухайн барьцаалж буй үнэт цаасыг тусгаарласан буюу битүүмжилсэн тухай албан бичиг бидэнд ирмэгц та зээлээ хүлээн авч зарцуулах боломжтой болдог.
- Тэгэхээр үнэт цаасны эзэмшил миний нэр дээр хэвээрээ, харин барьцаалсан үнэт цаасыг арилжих, шилжүүлэх эрхийг зээл төлөгдөх хүртэл царцаадаг гэж ойлголоо. Энэ зээлийн харилцааг баталгаажуулаад байгаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэх байгууллага нь төрийн байгууллага уу? Хаана байрладаг вэ?
- Монголын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь Монгол улсад үнэт цаасны хадгаламжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 100% төрийн өмчит хуулийн этгээд юм. “Үнэт цаасны тухай хууль”-д зааснаар Үнэт цаас гаргагч болон бусад оролцогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг хадгалах, түүнтэй холбоотой бүртгэл хөтлөх үйл ажиллагааг эрхлэх, биржийн болон биржийн бус арилжааны өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэх, кастодианы үйлчилгээг хавсран эрхлэх эрх бүхий өөрийгөө зохицуулагч байгууллага юм. Хуучнаар Барилгачдын талбайн баруун хойно байрладаг.
“ҮЦК-иуд ч харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаас барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн дээр бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байгаа.”
- Төрийн зохицуулалтын байгууллага оролцож байгаа учраас итгэлтэй байж болох юм байна. Тэгвэл та бүхэнтэй ижил төстэй үнэт цаас барьцаалсан зээлийн үйлчилгээ үзүүлдэг өөр байгууллага байдаг уу?
- Одоогоор ижил үйлчилгээг олон нийтэд нээлттэй санал болгож байгаа өөр байгууллага байхгүй байна. Харин хаалттай хүрээнд буюу зөвхөн өөрсдийнхөө гаргасан үнэт цаасыг барьцаалан өөрсдийнхөө харилцагчдад зээл олгодог мэр сэр байгууллага байдаг тухай сонсож байсан. Гэхдээ яг албан ёсны мэдээлэл байхгүй байна.
- Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байвал хуваалцахыг хүсье.
- Манай хөрөнгийн зах зээл жижиг, оролцогчид цөөн учраас өрсөлдөхөөс илүү хамтарч хөгжихийг илүүд үздэг. Хувьдаа энэ үйлчилгээг бусад банк болон санхүүгийн байгууллагууд нэвтрүүлээсэй гэж боддог. Мөн ҮЦК-иуд ч харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаас барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн дээр бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байгаа. Энэ нь зөвхөн зээлийн үйлчилгээ төдийгүй хөгжиж буй Монголын хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах механизм, үнэт цаас гаргагч компаниудын үнэлгээ, үнэ цэнийг хадгалах, хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын хөрөнгөө урт хугацаанд хадгалах, хөрөнгийн үнэ цэнээ алдахаас сэргийлэх ач холбогдолтой арга хэрэгсэл гэж олон улсад үздэг.
- Цаг гарган, сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
- Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа
7772 7774 | info@status.mn | www.status.mn
Хаяг: СБД, 1-р хороо, Гурван гал оффис 402 тоот
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!