Олон Улсын Гимнастикийн Холбоо (FIG)-ноос ОХУ-ын 43, Беларусийн 30 тамирчинд төвийг сахисан статус олгож, тэмцээнд оролцох эрх өгөх болсноо зарласан юм.
Тамирчдад төвийг сахисан статус олгохдоо тэмцээнд оролцох үед тухайн улсын далбаа, бэлгэ тэмдгийг ашиглах эрхгүй, мөн тамирчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Украин, ОХУ-ын дайныг дэмжсэн мэдээлэл гаргахгүй байхыг шаарддаг.
Уг шаардлагыг хангасан гэж үзсэн спортын гимнастикийн 17, уран сайхны гимнастикийн 14, трамполин гимнастикийн 12 тамирчинд төвийг сахисан статусын дор тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн болохыг Оросын Тасс агентлаг мэдээлжээ.
Гэвч Оросын Гимнастикийн Холбооноос гаргасан мэдээллээр тамирчид төвийг сахисан статустай тэмцээнд оролцох хүсэлгүй байна гэв. Тэд олон тамирчин төвийг сахисан статустай тэмцээнд оролцох хүсэлт гаргасан гэдгийг няцаагаад "тамирчдын байр суурийг хуваалцаж байна" гэж албан мэдэгдэлдээ онцлов.
FIG Украин, Оросын дайн эхэлсэн жил тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглосон. Энэ шийдвэрээ 2023 онд эргэн харж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Беларусь, Оросын тамирчдад төвийг сахисан статус олгохдоо бэлэн байгаагаа мэдэгдсэн удаатай. Гэхдээ ОХУ-ын гимнастикийн холбоо тамирчдаа тэмцээнд оролцуулахаас татгалзсан юм.
Харин 2024 оны хоёрдугаар сард холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Василий Титов МАТЧ тв-д өгсөн ярилцлагадаа тус улсын 100 гаруй тамирчин төвийг сахисан статустай тэмцээнд оролцох өргөгдлөө өгсөн гэж мэдээлсний дараа бодлогоо өөрчилсөн байна.
FIG-ийн тэргүүн Моринари Ватанабэ хурцадмал байдлыг намжаахын тулд өнгөрсөн гуравдугаар сард Украин болон ОХУ руу айлчилсан билээ.
Сонирхуулахад өнгөрсөн жил Парист болсон зуны олимпод ОХУ-ын гимнастикийн 15 тамирчин төвийг сахисан статустай оролцсон юм. Тэднийг ОХУ-ын арми, аюулгүй байдлын албатай холбоогүй гэдгээ нотлохыг шаардаж байв.
Ирэх онд Италийн хойд нутагт болох Милан-Картино өвлийн олимпод ч ийм зохицуулалт хийж магадгүй аж.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
|