Нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ.
Нийслэлийн төвийн дүүргүүд болон НЗДТГ-аас ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй. Тухайлбал:
- Баянгол дүүрэгт өнгөрсөн хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны тэргүүн болон 40 орчим гишүүнтэй уулзаж, 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршлыг баталсан байна.
- Баянзүрх дүүргийн удирдлагууд ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, ажлын байр санал болгосон, ТҮЦ-ээ өөрсдөө нүүлгэх хугацаа өгч, 16 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталж өгчээ.
- Сонгинохайрхан дүүргийн 17, 18, 29 дүгээр хорооны ТҮЦ эрхлэгчидтэй найман удаа уулзалт зохион байгуулж, байшин хороолол, гэр хороолол, автобусны буудал орчим шаардлага хангасан цэгт ТҮЦ-үүдийг нүүлгэхээс эхний ээлжид 10 ТҮЦ-ийг байршуулжээ.
- Хан-Уул дүүргээс энэ онд нисэх болон Чингисийн өргөн чөлөө гудамжинд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчидтэй хоёр удаа уулзалт зохион байгуулж, 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/56 дугаар захирамжаар 19 байршилд 31 ТҮЦ байршуулахаар баталсан.
- Сүхбаатар дүүргийн хувьд Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв"-д талбай гаргаж өгчээ.
Дүүргүүд ТҮЦ-ийг нүүлгэх талаар мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, өнөөдрийн байдлаар ТҮЦ нүүлгэн шилжүүлэх 75 байршлыг баталжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!