Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сарын 1,200,000 төгрөгийн цалинтай, сайжруулсан шахмал түлш савлах ажилд 500 иргэнийг бүртгэж эхэллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сайжруулсан шахмал түлш савлах ажил гүйцэтгэх хүсэлтэй иргэдийг бүртгэх гэж буй талаар Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Тавантолгой түлш ХХК хамтран сайжруулсан шахмал түлш 25 кг-аар савлах ажилд 500 иргэнийг өнөөдрөөс эхлэн бүртгэхээр болжээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

500 иргэнийг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д буюу Сонор плаза төвийн 5 давхарт бүртгэж байгаа. Бүртгүүлсэн иргэд 2020 оны тавдугаар сарын 1-н хүртэл Тавантолгой түлш ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан дараах найман цэгт ажиллах боломжтой.

Цэгийн нэр  Дүүрэг  Байршил
1 Цайз  Баянзүрх  19 дүгээр хороо, Цайз захын зүүн талд 
2 Америк элчин  Баянзүрх  2 дугаар хороо, Барилга мегасторын баруун талд 
3 Хангай  Сонгинохайрхан 10 дугаар хороо, Хангай зах дотор 
4 Тахилт  Сонгинохайрхан 22 дугаар хороо, Тахилт 
5 Дөлгөөн нуур 1 Сүхбаатар 9 дүгээр хороо, Алтайн 10
6 Дөлгөөн нуур 2 Сүхбаатар 9 дүгээр хороо, Алтайн 9
7 Дөлгөөн нуур 3 Сүхбаатар 9 дүгээр хороо, 100 айл
8 Энканто Хан-Уул 6 дугаар хороо, Энканто цогцолборын зүүн талд

 Хамгийн гол нь иргэд тогтмол ажиллах шаардлагатай бөгөөд сарын цалин 1,200,000 төгрөг байна. Нийгмийн даатгал болон бусад даатгалууд тусдаа төлөгдөж явахаар Тавантолгой түлш ХХК-тай тохиролцсон” гэж Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга С.Нямдорж хэлэв.

  • Нэг шуудай сайжруулсан түлш савлах хөлс нь 300 төгрөг, өдрийн цалин дунджаар 40,000,-50,000 төгрөг ба илүү шуудай нүүрс савласан зэргээсээ шалтгаалан түүнээс дээш цалин авах боломжтой
  • Ажиллах цэгээ өөрөө сонгох боломжтой
  • Ажлын цаг 10:00-20:00 цагийн хооронд буюу ажлын цаг уян хатан байж, иргэд өөрийн боломжит цагаараа ажиллах боломжтой.
  • Хүйс хамаарахгүй
"Иргэн, төрийн албан хаагч, сайн дурынхан “Утааны эсрэг миний оролцоо” аянд нэгдэж, өдөрт шуудайлсан түлшнийхээ тоогоор ажлын хөлсөө бодуулж авах боломжтой"
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг “Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор 25 кг-аар шуудайлсан түлшний хэрэглээ огцом нэмэгдэж байгаа. Тиймээс бид бүхэн “Утааны эсрэг миний оролцоо” аян зарлаж, аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд түлш савлах ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас 20 хүний бүрэлдэхүүнтэй баг маргааш Сонгинохайрхан дүүргийн Тахилтад байрлах хангамжийн бааз дээр бүтэн өдрийн турш ажиллахаар болсон. 

Тавантолгой түлш ХХК-ийн мэдэгдсэнээр нэг шуудай нүүрсийг 300 төгрөгөөр үнэлж байгаа. Иймд иргэн, төрийн албан хаагч, сайн дурынхан аян нэгдэж, өдөрт шуудайлсан түлшнийхээ тоогоор ажлын хөлсөө бодуулж авах боломжтой” гэв.