Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Батдаваа: 9 хүүхдээ ханиад хүрэхэд антибиотик уулгадаггүй

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 3
Сурталчилгаа

Монголын өнөр гэр бүлийн төлөөлөл Батдаваагийн гэр бүл энэ удаагийн “Жорын 6 асуулт” буланд оролцож байна. Энэхүү цуврал ярилцлагыг танд Юнивишнийн “Жаргалтай гэр бүлийн жор” төслийн хүрээнд бэлтгэн хүргэж байна. Гэр бүл бүхэн өөрийн сайхан түүхтэй, жаргалтай байх жортой байдаг, тэрхүү давтагдашгүй жорыг танд хуваалцаж байна.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Сайн байцгаана уу, юуны өмнө Юнивишнээс санаачлан хэрэгжүүлж буй “Жаргалтай гэр бүлийн жор” төсөлд оролцож, гэр бүлүүддээ гэр бүлийн жороо хуваалцаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд хамгийн эхний асуулт бол Та 2 гэр бүл болоод хэдэн жил болж байна вэ? Энэ хугацаанд олон сайхан дурсамж бүтээснээс хамгийн гоё дурсамжаасаа хуваалцвал?

БАТДАВАА: Саяхан л юм шиг санагдаж байгаа ч бид хоёр айл гэр болоод 20 жил болсон байна. Анх танилцахдаа л хоёулаа 10 хүүхэдтэй болно шүү гэж ярьдаг байсан маань амны билгээр болж одоо 9 сайхан үртэй өнөр айл болсон байна. Манайх гэдэг айлын өдөр бүр л бужигнаан, инээд хөөр дүүрэн дандаа завгүй байдаг. Одоо бодоход санаанаас ер гардаггүй нэг дурсамж гэвэл анх эхнэртэйгээ танилцаад төрсөн өдрөөр нь хиймэл цэцэг өгсөн чинь манай хүн үнэрлээд ямар гоё амьд цэцэг вэ гэж хэлж байсныг бид хоёр хааяа хааяа яриад инээх дуртай. Бас гэр бүлийн минь сайхан дурсамж гэвэл 2013 онд 20 мянган хүн “Дээлтэй Монгол Наадам”-д оролцоход манай гэр бүлийнхэн Монгол дээлээрээ гоён оролцож, Геннисийн номонд бүртгүүлж байсан. Бид хоёр гэр бүлийн ямар ч зүйл их ач холбогдол өгч, бэлдэх дуртай байдаг.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Танай гэр бүлд тулгарч байсан хамгийн том сорил, саад бэрхшээл юу байсан бэ? Үүнийг хэрхэн даван туулсан бэ?

ГЭРГИЙ ӨРНӨХБИЛЭГ: Ямар ч саад тулгарсан боломж гэж харахыг хичээдэг. Миний хань тогооч, би нягтлан болохоор хоёулаа өөрсдийн хоолны газрыг нээе гэж ярьсан юм. Тэгээд буузны газар нээгээд 2 сая төгрөгний зээл авлаа. Анх зээлээ төлнө гэдэг их том даваа байсан. Тэр үед том охин маань дөнгөж төрөөд байсан үе. Гурилынхаа модны хажууд охиноо унтуулаад, би зөөгчөө хийгээд, хань маань буузаа хийгээд л бид 3 тал талдаа л зүтгэж байлаа шүү дээ. Тэр үед мөнгө зээлэхгүй, хувийн юм хийхгүй зүгээр л урдах ажлаа хийж байсан бол тэгж хэцүү санагдахгүй л байсандаа гэсэн бодол төрж байсан. Гэхдээ бид хоёр зээлээ төлөөд цайны газраа ч томруулж, хөл хөдөлгөөн тасардаггүй амттай буузны газар болгож чадсан. Тэр үеэс сурсан хамгийн том сургамж бол өнөөдөр л болж байвал гээд тайван суулгүй, зоригтой, зорилготой тэмцэх л чухал юм билээ.  

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Гэр бүлдээ хэрхэн чанартай цаг гаргадаг вэ? Хүүхэд хүмүүжүүлэхдээ баримталдаг гол зарчим юу вэ? Хамгийн гол нь юуг мартаж болохгүй вэ?

БАТДАВАА: Бид хоёр хүүхдүүд бие биетэйгээ яаж харьцаж байна гэдгийг их анхаардаг. Эгч, ахыгаа хүндэлж, зөөлөн өнгөөр ярьж байгаарай гэж хэлдэг. Бас доорх доорх дүүгээ даагаарай гэж хэлдэг. Тэгэхээр хүн бүр оролцоотой, бие биедээ тавих анхаарал халамж нэмэгдэнэ гэсэн үг. Бас манайд 20 онооны даалгавар гэж байдаг. Энэ долоо хоногт гэр бүлээрээ явж кино үзэх, агаарт гарах гэж байвал тэр долоо хоног даавгавраа хийж, гэр ажилдаа тусалж, бие биетэйгээ эвтэй тогловол нэмэх оноо, эсвэл даалгавраа хийхгүй бол оноогоо хасуулдаг. Тэгэхээр хүүхэд бүр дор бүрнээ хариуцлагатай, бие даалттай болдог санагддаг.

ГЭРГИЙ ӨРНӨХБИЛЭГ: Хүүхэд асуулт асуугаад ирэхэд аав ээжүүд завгүй байна, дараа болъё гээд хойшлуулаад байдаг. Гэтэл тэр бол алдаж болохгүй мөч байдаг. Хоёр гуравхан минут л анхаараад, асуултанд нь хариулаад, эсвэл хайж байгаа зүйлийг нь зааж өгөхөд хүүхэд өөртөө маш итгэлтэй болдог. Тэгэхээр бид хоёр ч гэсэн хүүхэд ааваа ээжээ гээд хандаад ирсэн тэр мөчид л анхаарахыг их хичээдэг. Бас нэг хэлэхийг хүсдэг өөрийн гэр бүлдээ хэрэгжүүлсэн зүйл бол гэр бүл хэдэн ч хүүхэдтэй, ажил ихтэй байсан өөрсдөө л хүүхдээ харах юм. Хөгшин аав ээжийгээ сайхан амрааж, сэтгэлийг нь тайван байлгаарай. Биднийг өсгөх гэж залуу насаа зориулсан байхад өтөл насанд нь үр ачийг нь харуулахаар ядрааж байгаа шүү дээ.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Танай гэр бүлд ямар уламжлал байдаг вэ? Тэмдэглэлт баяр, амралтын өдрүүдийг хэрхэн гэр бүлээрээ өнгөрүүлдэг вэ?

БАТДАВАА: Сар бүр л нэг төрсөн өдөр, нэг баяр болдог. Хүүхдүүд маань хэд хоноод өөрийнх нь төрсөн өдөр болно, агаагийн дүүгийн төрсөн өдөр болно гээд тоолоод хүлээж байдаг. Хүүхдүүддээ яг адилхан хандах их чухал. Тиймээс хүүхэд бүртээ төрсөн өдрөөр нь ижил дүнтэй мөнгө өгөөд, ширээгээ яаж засахыг өөрсдөө мэдээрэй гэдэг. Хүүхэд бүр санал бодлоо хэлж, гэрээ чимж, ширээгээ засахад тусалж оролцоно. Долоо хоногийн нэг өдрийг заавал гэр бүлээрээ өнгөрүүлдэг. Дулаан үед гадуур салхилж, хүйтэн үед кино үзэх, хамт гадуур хооллох гэх мэтээр өнгөрүүлдэг. Эхнэр маань гарын доорх материалаар хөөрхөн чимэглэл хийгээд хүүхдүүдээ гоёчихдог. Манай гэр бүлийн нэг боддог зүйл нь гэр бүлдээ цаг гаргана гэдэг заавал өртөг өндөр байх албагүй. Зүгээр л шинэ жилийн гэрлэн чимэглэлээ асаагаад, хүүхдүүдтэйгээ шинэ гарсан киног зурагтаараа үзэж болно, хувцасаа сайхан дулаалж өмсөөд салхинд гарч алхаж, цасаар тоглож, цана чаргаар гулгаж болно.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Та өөрийн гэр бүлдээ хэрэгжүүлсэн эсвэл бусад гэр бүлийг заавал хэрэгжүүлээсэй гэж хүсдэг зүйл бий юу?

ГЭРГИЙ ӨРНӨХБИЛЭГ: Хүйтний улиралд хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх нь их хэцүү санагддаг. Бид хоёр гэртээ эмийн хайрцаг гэж байдаггүй. Аль болох эмийн бус аргаар, ханиад дөнгөж эхэлсэн үед хөнгөн аргаар эмчлэхийг боддог. Хүүхэд дөнгөж ханиад хүрч эхэлсэн, хоолой сэрвэгнэсэн үед Валжингарав гээд их гашуун амттай ургамлыг эмийн сангаас аваад чанаад уулгадаг. Бас ханиаднаас хамгаалах бальзам хэрэглэдэг. Аль болох чихэр, ундаа, чипс авдаггүй. Сайхан бүрсэн тараг уулгана, цагаан гаатай шөлтэй халуун хоол унд сайн идүүлнэ. Хүүхдүүд гэртээ хөл нүцгэн байдаг. Ингэхээр хүүхдүүдийн дархлаа  маш сайн сэргэдэг. Бусад аав ээжүүдийг хүүхдийнхээ ханиадыг антибиотик хэрэглэхгүй эмчилж байгаасай гэж хүсэж байна.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Та гэр бүл жаргалтай байх жорыг юу гэж боддог вэ? Танай гэр бүлийн жаргалтай байх жор юу вэ?

БАТДАВАА: Хайр, итгэл, хүндлэл бол жаргалтай байх жор. Дэргэдэх ханиа хайрлаж, хүндэлж, хоёр биендээ, ирээдүйдээ итгэж байвал тэгээд л болно. Гэрийн хоёр багана бат бөх байвал үр хүүхдүүд жаргалтай байдаг. Хамтдаа байна гэдэг хамгийн том жаргал. Тийм болохоор бид дандаа хамтдаа дурсамж бүтээхийг боддог. Монголынхоо бүх гэр бүлд өнөр болоорой, эрүүл байгаарай, жаргалтай байгаарай гэж хүсье.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Баярлалаа, гэр бүлд нь аз жаргалын жороо улам баяжуулж, дурсамжийн номоо улам зузаан болгоорой гэж хүсэж байна.

https://www.facebook.com/UnivisionMN/videos/1148191078719538/