Иргэд та ирэх онд ипотекийн зээлээр байртай болно гэж нэг их найдаад хэрэггүй болов уу.
Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ-аас баталсан 2020 оны төсөвт Засгийн газраас моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтэд олгохоор тусгасан 60 тэрбум төгрөгийг моргэйжийн зээлийн хүүгийн татаасыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар өөрчилж баталсан. Өөрөөр хэлбэл, банкууд өөрсдийн эх үүсвэрээр найман хувийн хүүтэй зээл гаргахад нь хүүгийн зөрүүнд олгох татаасаа 60 тэрбум төгрөгөөр нэмсэн хэрэг. Тиймээс банкууд эх үүсвэрээрээ 8%-ийн зээл олгох эсэхээ шийдэх, эсвэл зөвхөн татаас олгож буй 60 тэрбум төгрөгт нь тааруулж олгоод болих магадлалтай.
Хоёрдугаарт, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон ёсоор Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөс ирэх жил гарна. Тиймээс горьдлого улам багасах нь.
Үнэн хэрэгтээ Монголбанк хөтөлбөрөөс гарах эсэх нь тийм ч чухал биш. Засгийн газар хөтөлбөрийг санхүүжилтээр дэмжиж, дундаж орлоготой иргэддээ гар сунгахад л хангалттай байв. Харамсалтай нь 2020 оны сонгуулийг угтсан төсөв “дүрмийн дагуу” аймаг, сумдад Засаг даргын Тамгын газрын байр барих, засвар хийх, албан хаагчдыг мотоциклоор хангах гэгчлэн тойргууддаа тал засаж, хатуу дэд бүтцийг дэмжсэн үрэлгэн төсвийг УИХ баталсан.
Үндсэндээ 2016 оноос ипотекийн зээлийн санхүүжилт буурсаар, олдоц багассаар ийнхүү шалдаа буух бололтой.
График 1. Ипотекийн зээл хамрагдсан иргэдийн тоо болон олгосон санхүүжилтийн хэмжээ
Эх сурвалж: Монголбанк
Уг нь зах зээлд ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээ байсаар байна.
Нийслэлийн орон сууцны корпорацын хийсэн судалгаагаар орон сууцны хангамжаа сайжруулах хүсэлтэй 290,000 өрх байгаагийн 48,000 нь зөвхөн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй бол 42,000 нь орон сууц худалдан авах боломжтой гэснийг БХБЯ-ны БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат “Нүүдэл шийдэл” нэвтрүүлэгт орох үеэрээ хэлсэн. Нөгөө талд, зах зээлд 33,000 орчим орон сууц бэлэн байгааг Монголын ипотекийн корпорац мэдээлсэн. Тэдгээрээс дор хаяж 16,000 дунд орлоготой иргэдэд зориулан баригджээ. Гэвч бэлэн байгаа эрэлт нийлүүлэлтийг Засгийн газар санхүүжилтээр боосоор ирэв.
Хэдийгээр Монголбанк ипотекийн зээл үргэлжилж, тэдэн хүнд зээл олголоо хэмээн мэдээлсээр байгаа ч яг банкан дээр очсон иргэд аргаа барж, олдохгүй байна хэмээн хэлсээр байгаа.
Ийнхүү дундаж давхаргаа дэмжсэн гол бодлогыг Монголбанк, Засгийн газар үр дүнтэй үргэлжлүүлж чадаагүйн үр дүнд өнөөдөр зөвхөн импорт л өсөж байна. Зөвхөн автомашины импорт хэрхэн суга өссөнийг дараах графикаас харъя.
График 2. Монгол Улсад импоорт орж ирсэн суудлын автомашины тоо болон үнийн дүн (2011-2019 оны аравдугаар саруудын үзүүлэлт)
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
2019 оны эхний сард монголчуудын 925 сая ам.доллар буюу 2.5 их наяд төгрөгөөр тээврийн хэрэгсэл импортолжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд суудлын авто машины тоо 61,069, ачааны автомашин 19,931-ээр буюу 81 мянгаар нэмэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн импортын өсөлтийг дагаад автобензиний импорт ч өнгөрсөн оны аравдугаар сарынхаас 74.4 мянган тонноор өсжээ. Үр дүнд нь нийслэлчүүд түгжрэлд стресстэж, мөнгөө салхинд хийсгэж байна.
Дээрх хоёр графикийг харьцуулаад харвал ипотекийн зээл олголт өндөр байх үед автомашины импорт буурч байсан бол зээл хумигдах тусам өсөж ирсэн нь тодорхой харагдаж байна.
Ипотекийн зээл бол монголчуудын хувьд урт хугацааны хуримтлал юм. Ипотекийн зээл авсан хүний хөдөлмөрийн бүтээмж, ажилдаа хандах хандлага сайжрах, агаар, хөрсний бохирдол буурах зэрэг нийгмийн болон хүрээлэн буй орчны эерэг нөлөөнөөс эхлээд хамгийн гол нь инфляцыг бууруулах нэг том түлхүүр. Тухайлбал, орлогынхоо 45 хүртэл хувийг орон сууцны зээл буюу хуримтлалд төлж байгаа өрх эрэлтийн гаралтай инфляц үүсэх нөхцөлийг хааж байдаг.
Гэтэл одоогийн Монголбанк үүнийг яг эсрэгээр нь хийсээр байна. Зээлийн дарамтаас иргэдийг салгах бус, харин ч банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй эх үүсвэр рүү иргэдээ түлхсэн талаар бид мэдээлсэн.
Харин ирэх оноос бүүр том дарамт иргэдэд ч тэр, аж ахуйн нэгжүүдэд ч ирэх гэж байгаа нь татвар.
Ийнхүү дундаж давхаргынхаа эсрэг чиглэсэн мэт төр засгийн буруу бодлого, шийдвэрүүд үргэлжилсээр.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!