Иргэдийн хэрэглээний зээлийг хязгаарлаж, өр орлогын харьцааг 70:30 байх шийдвэрийг Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн хурлаараа гаргасан билээ.
Уг шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 21-нд нь 60:40 болгон дахин өөрчлөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, арилжааны банкнаас олгосон зээлийн нийт хэмжээ өрхийн орлогын 60-аас хэтрэхгүй хувьд хязгаарлагдаж, орлогын 40 хувь нь тухайн өрхөд үлдэх боломж олгох зорилгоор уг шийдвэрийг хэрэгжүүлсэн.
Өр, орлогын харьцааг хязгаарласах шийдвэр 2018 онд гарсантай холбоотойгоор тухайн оны сүүлийн улиралд шинээр олгосон зээлийн хэмжээ 7.0 их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн бол шийдвэр хэрэгжиж эхэлснээр энэ онд хэрэглээний зээлийн өсөлт эрчимтэй саарч байна.
Үндэсний статистикийн хорооны танилцуулснаар 2019 оны есдүгээр сарын эцэс гэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 105.2 (0.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.8 (11.1%) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнээс иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны наймдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 86.6 (0.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 (14.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн
График 1. Банкуудын олгосон зээл ба иргэдийн зээлийн хэмжээ (2017-2019 он)
Тэгвэл нөгөө талд банк бус санхүүгийн байгууллагын олгож буй зээлийн хэмжээ ч өссөн байна. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар 538 ББСБ үйл ажиллагаа явуулснаас 492 буюу 91.4% нь зээлийн үйл ажиллагаа эрхэлжээ. Энэ хугацаанд ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ нь 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 34% буюу 389.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна.
График 2. ББСБ-ын үзүүлэлт (2019 оны II улирал)
Санхүүгийн зохицуулах хорооноос СЗХ-оос ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, 2021 он хүртэл 2.5 тэрбум төгрөгт үе шаттай хүргэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор ББСБ-уудын хөрөнгийн хэмжээ өссөн нь пассив талаасаа 47.4 хувь нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт, активын бүтэц талаасаа 84.3 хувь нь зээлийн өсөлтөөс бүрдсэнээр тайлбарлагдаж байна.
Өөрөөр хэлбэл, ББСБ-уудын нийт зээлийн үлдэгдлийн хэмжээг өмнөх оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 328.4 тэрбум буюу 42.7%-аар өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна.
Нийт зээлийн үлдэгдлийн 84.7%-ийг иргэдийн зээл эзэлж байгаа бол үлдсэн хувь нь ААН-ийн зээл. Салбарын зээлдэгчдийн тоо 2.4 дахин нэмэгдэж, 360.3 мянга болсон нь финтек компаниуд ББС-ийн салбарт олноор бий болж байгаатай холбоотой аж. ББСБ-ын олгож буй зээлийн жигнэсэн дундаж сарын хүү 3.3 хувь буюу өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа юм. Өөрөөр хэлбэл, ББСБ-уудын жилийн дундаж хүү 39.6% байх нь.
Эдгээр үзүүлэлт нь иргэдийн дунд зээлийн эрэлт өндөр байгааг харуулж буй.
Төв банкнаас өр, орлогын харьцааг хязгаарлах замаар хэрэглээний зээлийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авсан ч энэ бодлого санхүүгийн салбарт хамаарахгүй байгаа нь нөгөө талаар иргэдийн тодорхой хувь өндөр хүүтэй зээл авахаас аргагүй байдалд хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!